Хуучин, шинэ оны зааг дээр Монголын эдийн засагт ямар өөрчлөлт орсныг сонирхуулж байна. Хэдийгээр улс төрийн сонгууль болж, нэг намаас нөгөө намд засгийн эрх шилжсэн бол эдийн засагт онцын өөрчлөлт гарсангүй. 2016 онд эдийн засаг тун хүндхэн байна. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унаж, энэ нь Монголын эдийн засгийг туйлдуулав.
ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИВ
Улиран одож буй 2016 онд гадаад валютын ханш хамгийн оргил “цэг”-тэй хүрсэн гэж хэлж болно. Арваннэгдүгээр сард нэг ам.доллар 2720 төгрөгтэй тэнцсэн нь эдийн засагт цохилт болов. Эндээс арилжааны банкууд хожсон гэх дүгнэлтийг улстөрчид хийж байсан юм.
Засгийн газар, төв банк түргэн авснаар ам. долларын ханш 250 төгрөгөөр буурч, түүнээс хойш тогтвортой байгаа билээ. Долларын ханш өссөнөөр аж ахуйн нэгжүүд ханшийн зөрүүнээс болж хаалгаа барихад хүрч буйг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлэл хийж байлаа. Харин статистикийн мэдээнээс харахад ам.долларын ханш өссөн нь долларын хадгаламж нэг сарын дотор 100 тэрбумаар өсөхөд нөлөөлжээ. Үүнээс үүдээд долларын хадгаламжийн хүүг тэглэх хэрэгтэй гэсэн санааг эдийн засагчид гаргаж байсан юм.
ДИФЛЯЦИЙН АЮУЛ ХОЛДЛОО
Инфляци хоёр сар дараалан хасах утгатай гарсан нь эдийн засагт “сигнал” дуугарахад хүргэсэн юм. Гэвч, арваннэгдүгээр сард инфляци нэмэх утга руу шилжсэнээр дифляцийн аюул бага зэрэг холдлоо гэж хэлж болно. Өнөөдөр инфляци 0.2 хувьтай байгаа бөгөөд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан.
Инфляци нам төвшинд байгаа нөхцөлд бодлогын хүү бага байх нь зөв гэсэн санааг эдийн засагчид дэвшүүлдэг. Ингэснээр зах зээлд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, “царцсан” эдийн засгаа сэргээхэд нэмэр болно гэсэн зөвлөгөөг ч өгөх эдийн засагчид цөөнгүй байлаа.
УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.6 ИХ НАЯД ХҮРЧЭЭ
Өнгөрснө онд улсын төсвийн алдагдал 800 гаруй тэрбумаар хэмжигдсэн бол энэ онд гурав дахин нэмэгдэж 2.6 их наядын алдагдал хүлээгээд байна. Хэдийгээр шинэ парламент төсөвт тодотгол хийсэн ч алдагдлыг бууруулж чадсангүй. Ардчилсан намын засаг Тавантолгойн 333 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр авснаас болж төсвийн алдагдал өссөн гэсэн тайлбарыг шинэ засаг хийж буй. Харин Шийдлийн засаг Тавантолгойн хувьцааг худалдаж авах болсноо эдийн засгийн эргэлтийг сайжруулах зорилготой гэж тайлбарлаж байв.
ЗЭСИЙН ХАНШ ТОГТВОРЖИЖ, НҮҮРСЭЭ ЗАРАХ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЛЭВ
Монголын экспортын гол бүтээгдэхүүн болсон зэсийн ханш дэлхийн зах зээлд 5000 долларт хүрснээр эдийн засагт эерэг хүлээлт үүсээд байгаа юм. Улиран одож буй 2016 онд дэлхийн зах зэлэд зэсийн ханш хамгийг доод төвшиндөө хүрсэн гэж хэлж болно. Харин дэлхийн зах зээлд зэсийн ханш эргээд сэргэсэн нь хямралд нэрвэгдсэн эдийн засагт сайхан мэдээний нэг болж байгаа юм.
Мөн мега төслүүдээ урагшлуулах үүднээс Тавантолгойн хэлэлцээ ид өрнөж байна. Засгийн газраас хэлэлцээ дөнгөж эхэлж байгааг тодотгож буй. Мөн хэлэлцээг яаравчлахын тулд өмнөх хөрөнгө оруулагчидтай уулзаж, гэрээний нөхцөлийг сайжруулахын ажлын хэсэгт үүрэг болгожээ. Өмнөх засгийн газар “Шинхуа ресурс”, “Энержи ресурс”, “Сүмитома” гэх гурвалсан консерциумыг хөрөнгө оруулагчаар тодруулсан юм.
Б.БАТ