Г.Мандахнаран барилдахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран барилдахаар шийджээ

“Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд шагналт V байр эзэлсэн, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран ирэх дөрвөн жилд барилдахаар болсноо өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр

Ард түмнийхээ хүсэлтээр 4 жил зүтгэнэ
Ачит аавынхаа нэрээр 4 жил зодоглoно
Алдрай үрсийнхээ төлөө 4 жил хөдөлмөрлөнө
Агуу Монголынхоо төлөө 4 жил энэ биеийг дахин зориулнаа.
Алдаа бүхэн ард хоцорч Монгол ялна хэмээн “Токио 2020”-д зодоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

2016 оны наймдугаар сарын 21-ний өдөр монголчуудын хувьд ялалт, ялагдал зэрэг ирсэн өдөр байлаа. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөтийн бөхийн хоёр, марафоны гурван тамирчин тэмцээнтэй байсан юм. Тэднээс чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Ганзоригийн Мандахнаран ганцаараа медалийн төлөө өрсөлдсөн. Тэрбээр Энэтхэг, Казахстан гаралтай БНХАУ-ын Ерланбек Катейулыг эхний тойргуудад ялсан ч ОХУ-ын Сослан Рамновд ялагдсан. Гэвч манай бөхөд дагах барилдаан гарч Канадын Хайслан Гарсияыг ялснаар хүрэл медалийн төлөө Узбекистаны И.Наврузовтай барилдахаар болсон. Олимпийн наадмын медалийн төлөөх барилдааны сүүлийн мөчид хоёр бөх аль аль нь хамаг байдгаа дайчилсан. Гэвч барилдааны 6 минут дуусахаас 15 секундын өмнө Г.Мандахнаран нэг оноогоор илүү болж, медаль хүртэх боломжтой болж ирсэн юм. Гэвч түүнийг сүүлийн хэдэн секундэд өрсөлдөгчөөсөө зугтсан гэдэг үндэслэлээр цаг дууссаны дараа шүүгч өрсөлдөгч бөхөд нь нэг оноог өгч ялалтын агшин тэр даруй ялагдал болсон билээ. Энэ үйлдлийг тэвчиж чадаагүй дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Риогийн дэвжээн дээр хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ олимпийн төдийгүй энэ оны онцлох үйл явдал болон үлдсэн. Монголчуудын хувьд сургамж болсон олимпийн наадмын хатуухан шүүлттэй дэвжээ нэгийг бодогдуулсан. Хэдийгээр Риогоос медальгүй ирсэн ч Г.Мандахнаранг монгол түмэн олимпийн медальтан гэдгээр хүлээн авсан юм. Харин тэрбээр саяхан шийдвэрээ гаргаж, ирэх дөрвөн жилд барилдах болсноо илэрхийлжээ.

Монголын баг тамирчид 1968 оны Мексикийн наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байсан түүхтэй. Энэ гавьяатнууд бол бүгд чөлөөтийн бөхийн тамирчид байсан. Тэдний залгамж 1972, 1976, 1980 онуудад үргэлжилсэн. Тэгвэл 1980 оны Москвагийн олимпоос хойш тасраад байсан медалийн буухиа Риод үргэлжлэх боломж байсан ч болоогүй юм. Монголчууд өдгөө олимпийн наадмаас 26 медаль хүртээд байгаагаас чөлөөтийн тамирчид есийг нь аваад байна. Тэдний дунд чөлөөтийн эмэгтэй тамирчдаас анх удаа С.Батцэцэг “Лондон 2012” наадамд хүрэл медаль хүртсэн юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж