Үндэсний бөхчүүд өндөр бооцоотой өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхчүүд өндөр бооцоотой өрсөлдөнө

Сагсан бөмбөг сонирхогчдын “Мөнгөн цагариг” клубээс үндэсний бөхчүүдийг сагсан бөмбөгийн талбай дахь сонирхолтой тулаанд дуудаж байна. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хүч бяр, уран мэхийг уралдуулдаг бөхчүүдийн дунд өндөр бооцоотой, сагсан бөмбөгийн шоу тоглолтыг ирэх есдүгээр сарын дундуур зохион байгуулах гэж байгаа юм. Одоогоор тэмцээний тов хараахан тодроогүй байгаа ч бөхчүүд гурван баг болон 10 сая төгрөгийн бооцоотой өрсөлдөх ажээ. Заанаас дээш цолтнууд буюу гарьд, арслан, аварга цолтнууд нэгдэж, нэг баг болох бол заан, харцага цолтнуудаас бүрдсэн хоёр дахь баг, мөн улсын начин боон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг нэгтгэсэн гурав дахь баг хоорондоо сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөх юм байна. Өмнө нь “Мөнгөн цагариг” клубээс үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан ч энэ удаагийнх бөхчүүд цолны эрэмбээр гурван баг болж, өндөр бооцооны төлөө өрсөлдөнө гэдгээрээ онцлогтой, бас сонирхолтой тэмцээн болох юм. Дөрвөн тэгш ой тохиосон өнөө жилийн баяр наадмаас төрсөн шинэ аварга С.Мөнхбат, шинэ арслан Г.Эрхэмбаяр нараас гадна даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан До.Ганхуяг нарын бөхчүүд сагсан бөмбөгийн энэхүү бооцоот тэмцээнд оролцох сурагтай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж