-Монголд мэдээллийн дайн өрнөж байна уу-
Засгийн газрын төвшинд Тавантолгойн шинэ хэлэлцээ эхэлсэнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтын оффшор данстай холбоотой шинэ мэдээллийг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Р.Туяацэцэг дэлгэв.
Тэдний хэлснээр энэ сарын эхээр тус холбоог төлөөлж Р.Туяацэцэг, иргэн Э.Цэрэндолгорын хамт Швейцарт 14 хоног ажиллаад иржээ. Энэ үеэрээ С.Баярцогтын оффшор дансан дахь 9.2 сая ам.долларын нотлох баримтыг Швейцарийн хамтарч ажилладаг хуулийн фирмээс авсан тухайгаа хэвлэлийн хурал хийж мэдэгдэв. Мөн Швейцар улсад энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтод мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар хэлж, банкны баримт гэх цаас ч үзүүлэв. Үүнийг С.Баярцогтын хэргийн дөнгөж эхлэл нь гэж иргэн Э.Цэрэндолгор телевизийн нэвтрүүлгээр онцолсон. Иргэн Э.Цэрэндолгорын хэлснээр эхлэл нь бол цаашид өрнөл нь удахгүй цувралаар олон нийтийн хүртээл болох биз. Нэг талаас үнэхээр Монголын эрх баригчдын гадаадад зувчуулсан хөрөнгөний араас явж, иргэний зориг гаргасан байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас өөрсдийн нь хэлснээр дөнгөж эхэлж байгаа хэргээ сэтгүүлчид дуудан олон нийтэд түгээхийг урьтал болгосон нь өөр зорилго агуулсан ч юм шиг.
Юутай ч үнэн бодитой эсэхийг шууд хэлэхэд хэцүү ийм мэдээллийн дараа нийгмийн сүлжээ “хулгайчдыг цээрлүүлье” гэх хийрхлээр давалгаалав. Хулгайчдыг өмөөрөх хэн ч байхгүй нь мэдээж. Гэхдээ нотлогдоогүй хэргээр нэг нэгнээ шүүгээд эчнээгээр ял онооход бид дэндүү цөөхүүлээ. Ийм болохоор л энэ хэрэг яаж дуусахыг бүгдээрээ тэвчээртэй харъя. Үнэн мөнийг тогтоодог газар тэдний хэлснээр Монголд байдаггүй юм бол тэр Швейцарт нь олдох байлгүй. Харин эхнээс нь сенсаацилж, иргэдийг хоёр талцуулаад байх юм бол хулгайчдыг илрүүлэх биш арай өөр зорилготойгоор шидсэн “чулуу” болж таарах гээд байна.
Үнэндээ “The Guardian” анх Швейцарийн "Credit Suisse" банкинд нээсэн дансыг нь дэлгэсэн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын хэвлэлээр болон олон нийтийн сүлжээнд байнга “балбуулж” байгаа ганц хүн бол С.Баярцогт. Тэрбээр “Credit Suisse" банкинд данс нээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа буусан. Манайд үйлчилж буй хуулийн дагуу оффшор бүсэд данс нээхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй учир ёс зүйн хариуцлага хүлээсэн. Тэр данс гурван сая төгрөгийн үлдэгдэлтэй, өмнө нь бизнес эрхлэхээр найзуудтайгаа нийлж нээсэн ч удалгүй мөнгөө буцааж авсан гэсэн тайлбар хийсэн.
С.Баярцогтоос гадна оффшор данстай гэгдсэн улстөрч эрхмүүд өдгөө ч УИХ-ын танхимд заларч суугаа. УИХ-ын гишүүн Монгол улсын Ерөнхий сайд асан С.Батболд нарын зарим гишүүний оффшор дансны талаарх мэдээлэл Панамын баримтуудаар дэлгэгдсэн. Харин хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, тайлбар хийгээгүй. Хуулийн ямар нэгэн хориг байхгүй учир улсаасаа баян шахуу компанийн эзэн улстөрчдөд өмнө хойно нь нээлгэж байсан данс байхыг үгүйсгэхгүй.
Одоо хэлэлцэж байгаа хуулиараа энэ асуудлыг нэг мөр шийдэж нэг тийш болгохгүй бол дуртай үедээ гаргаж ирээд хүн зоддог хэрэгсэл болж хувирлаа. Хэсэг байж байгаад л хэн дуртай нь барьж аваад хаздаг энэ хэрүүлийн алимыг хэн тэгээд эцэслэх ёстой вэ. С.Баярцогтын дансанд 9.2 сая доллар байсан уу, иргэн Р.Туяацэцэг түүнийг гүтгэсэн үү. Энэ асуудлыг шалгаж мөрдөж, энэ сэдвийг эцэслэж, иргэдэд нэг мөр ойлголт өгөх хэрэгтэй байна.
Эс бөгөөс энэ мэт үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээлэл яван явсаар нийгмээ хоёр хуваагаад зогсохгүй эцэстээ үндэсний аюулгүй байдалд ч алсуураа нөлөөлөх вий гэсэн айдас төрүүлж байна.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал эхлээд хоёр хонож байна. Хэргийн үнэн мөнийг шүүх тогтооно. Гэтэл шүүх хурал эхлэхтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээнд хэргийг мөрдөөд, байцаагаад, шийдвэр гаргаад, дүгнэлт хийгээд, яллаад хэзээний хоорондоо байлдаад эхэлсэн. Нэг талаасаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй хүний эрх мэт боловч нөгөө талдаа нэр нүүрээ нуугаад бие биенээ доромжилж, нийгмийг үймээн самуунд дуудаж байна.
Сүүлийн үед монголчуудад ойлголцол үгүй болсон. Энэ бол утаанаас ч илүү аюултай үзэгдэл. Эрх зүйт төрийн иргэд хуулиндаа итгэж, хуулиа мөрдөж амьдардаг. Иймээс хүчирхийллийг өдөөсөн, хатгасан уриалга гаргаж байгаа иргэдийн цаад эзнийг, гол зорилгыг нь олж тогтоох нь хуулийнхны бас нэгэн үүрэг. Нийгмийг турхиран, хүчирхийлэлд уриалах нь Үндсэн хуулиар хориглосон гэмт хэрэг.
Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэдэв олдвол шүүрч аваад зөв бурууг тунгаалгүй сенсаац үүсгэдэг ч муугаар нөлөөлж байна. Сэтгүүлчид илүү мэргэжлийн төвшинд ажиллаж баталгаа нотолгоо, эх сурвалжтай бодит мэдээллээр нийгмээ хангах үүрэгтэй.
Монгол монголтойгоо эвдрэлцсэн цагтаа бусдын “идэш, хоол” болж явсаныг бидний үүх түүх гэрчилдэг. Өнөөдөр эх оронд минь мэдээллийн дайн болж байгаа дүр зураг харагдаж байна. Үүнээс хожих хүн лав монголчууд биш.