Бүртгэлгүй, маргаантай төрийн өмч их байна

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Бүртгэлгүй, маргаантай төрийн өмч их байна

Монголын төр 30.074.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Үүнийг 2012 онд зохион байгуулсан тооллогын дүнтэй харьцуулахад төрийн өмч, хөрөнгө 1.8 дахин өсчээ. Тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, нийт 6086 нэгж хуулийн этгээд хамрагдсан байна. Үүнд, төрийн байгууллага, албан газар 5026, Засгийн газрын тусгай сан 14, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 230, төсөл, хөгжлийн сан 689 байгаа бөгөөд тэдгээрт 213402 хүн ажиллаж байна.

Орон нутгийн өмчийн тооллогод хамрагдсан нийт 298 өрхийн эмнэлэг нь “Нөхөрлөл”-ийн гэрчилгээтэй, нийт 26 ахмадын хороо нь төрийн бус байгууллагын гэрчилгээтэй байжээ.

Тооллогыг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон нийт дүнг нэгтгэн гаргасан нь энэ аж.

Энэ тухай мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өчигдөр /2016.12.22/ хэвлэлийнхэнд мэдээллээ.

2012 онд зохион байгуулсан төрийн өмчийн улсын үзлэг тооллогоор нийт 15853 ширхэг 793.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл тоологдсон бол энэ удаагийн тооллогод нийт 1.280.6 тэрбум төгрөгийн 25679 ширхэг тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Энэ нь 2012 оны дүнгээс 487.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд төр авто машин олноор худалдан авахад ихээхэн хөрөнгө зарсан нь эндээс харагдана.

Мөн тооллогыг зохион байгуулахад хэд, хэдэн зөрчил гарсныг тодотголоо. Тодруулбал, нэгд нь, бүртгэлгүй хөрөнгө их. Хоёрдугаар асуудал нь маргаантай хөрөнгө их. Гуравдугаар асуудал нь хувь, хувьсгалын хөрөнгө хооронд маргаан гарч, шүүхийн шатанд шилжсэн ч эцэслэн шийдэгдээгүй. Дөрөвт нь, концессын гэрээгээр барьсан хөрөнгүүд бүртгэгдээгүй. Тавд, өмнөх Засгийн газрын үед Төрийн өмчийн хороог татан буулгаснаас болж үйл ажиллагааны сүлжээ нь их тасарсан зэрэг асуудал тулгарчээ.

  • Эдгээр асуудалтай холбогдуулж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос дараах тодруулгыг хийлээ.

-Тооллого хийх шатанд тухайн өмч нь төрийн өмчид хамаарах уу, орон нутгийн өмчид хамаарах уу гэдгээс эхлээд олон зөрчил гарчээ. Энэ тухай тодруулахгүй юу. Цаашдаа гарсан зөрчлүүдийг цэгцлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулах вэ?

-Жишээ татвал, 200 гаруй өрхийн эмнэлэг байна, хувийн байгууллага хэрнээ улсын төсвөөс мөнгө авдаг. Мөн 20 гаруй ахмадын байгууллага байна, тэгсэн хэрнээ улсын төсвөөс санхүүждэг. Хэний байгууллага нь мэдэгддэггүй. Нэг үгээр хэлбэл, өмчлөлийн хувьд маргаантай хэрнээ төсвийн мөнгө үрж байна.

Орон нутгийн хөгжлийн сан гэдэг дутагдалтай сан гарч ирэх нь. Дөрвөн жилийн хугацаанд 442 тэрбум төгрөг зарцуулсан ч долоон хувь буюу 33.7 тэрбум төгрөгийн хөрөнгө ямар ч бүртгэлгүй үлдсэн. Тэр хөрөнгөөр юу хийсэн бэ гэдэг тодорхойгүй байна. Дотоод болон гадаадад байгаа төрийн хөрөнгийг үнэлэхгүй бол үнэгүйдэх аюул байна. Нэгдсэн үнэлгээний тухай тодорхой ойлгоцтой болж авах шаардлага байна.

Нийт 9600 гаруй газар байна, төрийн эзэмшлийн. Гэвч үүнээс 4600 гаруй газар буюу 50 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Ийм байхаар сургуулийн газрыг, эмнэлгийн газрыг нэг компани авчихлаа гэдэг маргаан гарах нь аргагүй ч үгүй л юм болов уу даа.

Уг нь газар кадастрын бүртгэлтэй, улсын бүртгэлд бүртгүүлчихсэн эрх зүйн баримт бичигтэй байх ёстой юм.

Дээр нь орон нутгийн болон төрийн өмчийн хооронд өмчийн зөрчил маргаан их байна. Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулсан яаралтай цэгцлэх даалгавар өгөгдсөн учраас шүүхийн маргаанаа нэг тийш болгох, газраа улсын бүртгэлд хамруулах, тооллогоор дутагдсан бүртгэлгүй, маргаантай байгаа хөрөнгийг бүртгэлд тусгахаас эхлээд олон ажлыг хийнэ дээ.

-Машины тоо нэмэгджээ. Үүнийг яах вэ?

-Дөрвөн жилийн хугацаанд авто машин 10 мянга орчмоор нэмэгдсэн байна. Үүнийг цэгцлэхгүй бол шатахуун тослох материалын үнэ, засвар сэлбэгийн үнэ, жолоочийн цалин гээд машиныг дагаад маш их зардал гардаг. Тийм учраас хэрхэн цэгцлэх талаар ирэх нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

-Хамгийн их машинтай газар гэвэл хаанах вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрт 500 гаруй машин байгаагийн 196 нь суудлын авто машин. Энийг дотор нь ангилна. Хэд нь даргын машин юм, хэд нь дуудлагын машин юм бэ гэдгийг нягталж, цэгцэлнэ.

Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр гэхгүйгээр бүхий л газрын авто машинд тавих хяналтыг чангаруулна. Хуучин Засгийн газрын тогтоолоор энэ бүхнийг нэлээд журамладаг байсан. Аль байгууллага нь машинтай байх юм, хот дотор өдөрт хэдэн км явах юм гээд нарийн заадаг.

-Төрийн өмчийг түрээслүүлж, мөнгө олох тохиолдол олонтаа. Энэ талын бүртгэл, олж байгаа орлогын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарсан уу?

-Төрийн өмчийн хөрөнгийг түрээслүүлсэн нийт 1935 гэрээ байгуулсны 1052 нь төрийн өмчид, 883 нь орон нутгийн өмчид хамаарч байна. Жилдээ түрээсийн орлогоос нийт 7.6 тэрбум төвлөрснөөс 2.8 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа.

Мөн өөрийн эзэмшлийн байргүй, төрийн болон орон нутгийн өмчийн нийт 401/төрийн 340, орон нутгийн 61/ байгууллага бусдын 42992 мкв талбай бүхий байрыг түрээсэлж, жилд 2.1 тэрбум төгрөгийн түрээсийн зардал төлж байна.

-Төрийн өмчийн компаниудыг ашигтай ажиллуулах чиглэлээр даалгавар өгөгдсөн. Боломж нь хэр байгаа вэ. Ихэнх нь алдагдалтай ажилласан мэдээг та өнгөрсөн сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж байсан?

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 76 компани харьяалагддаг. Үүнээс 70-ыг нь ашигтай ажиллах зорилтот төвшинг нь батлаад гаргасан. Хэрвээ ашигтай ажиллахгүй бол удирдлагыг нь өөрчлөх арга хэмжээ авна. 2015 оны эцсээр 35 компани ашигтай ажилласан байдаг.

-Засгийн газар шинээр бүрдэх бүрийд төрийн өмчит компаниуд ширээ сандал, авто машин худалдан авахаас эхлээд хэрэглээгээ шинэчлээд эхэлдэг. Ийм асуудал хэр байна вэ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын тансаг хэрэглээг танах шийдвэрийг гаргасан. Нийт дүнгээрээ найм орчим тэрбум төгрөг болно. Үүнд машин техник, компьютер ширээ зэрэг хэрэглээний зардал хамаарч байгаа.

-Зургаан компанид ашигтай ажиллах даалгавар өгөгдөөгүй юм байна. Алдагдалтай ажиллаж болно гэсэн үг үү?

-Зургаан компани нь эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит компани юм. Төрөөс бүтээгдэхүүнийх үнийг тогтоож барьдаг. Зах зээлийн хэрэглээ багатай учраас ашигтай ажилла гэдэг даалгавар өгөхөд маш хүнд байдаг л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж