“Агаарын бохирдлыг бууруулахад 8.7 тэрбум төгрөг төсөвлөсөн”

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

“Агаарын бохирдлыг бууруулахад 8.7 тэрбум төгрөг төсөвлөсөн”

Улаанбаатарын агаарын бохирдол стандарт төвшнөөс 10 дахин их хэмээн мэргэжлийн байгууллагынхан хэдийнээ тодорхойлсон. Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилд 132 тэрбум төгрөг зарцуулсан гэж энэ жил мэдээлсэн. Ганцхан энэ онд л гэхэд агаарын бохирдлоос үүдэн, уушгины хатгалгаагаар Баянзүрх дүүрэгт 18 нярай эндсэн гэх мэт хар бараан тоо баримт ар араасаа хөвөрсөөр. Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүк дэх ээжүүдийн группээс санаачлан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ирээдүй хойч болсон үр хүүхдээ хорт утаанаас сэргийлэхээр энэ чиглэлд эрх баригчдыг бодлоготой, зохион байгуулалттай, үр ашигтай ажиллахыг шаардсан жагсаалыг ч ирэх даваа гаригт хийхээ мэдэгдээд байгаа.

Тэгвэл энэ өвөл нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахад ямар ажлыг хэчнээн төгрөгөөр хийхээр төлөвлөсөн талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын агаарын чанарын мониторингийн хэлтсийн дарга Х.Галинбекээс тодрууллаа.

-Энэ өвөл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хэчнээн төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шугамаар таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг  гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд зарцуулна. Мөн 400 сая төгрөгийг сайжруулсан түлш нийлүүлэхэд, мөн 400 сая төгрөгийг сайжруулсан зуух хөтөлбөрт зориулна.

-“Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон. Энэ өвөл тус хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийхээр болсон бэ?

-Нийслэлд 3.1 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөөд байна. Энэ нь “Утаагүй хот-2030” төслийн эхний шатанд хийх ажилд зориулагдах юм. Эхний ээлжид агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулна.

Үүнээс гадна агаарын бохирдол өндөртэй, гэр хорооллын бүсэд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод агаарын чанарыг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн.

Мөн Халамжийн тухай хуулийн дагуу нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлшээр хангахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 600 сая төгрөг гаргахаар төлөвлөсөн.

-Нийслэлийн шинэ удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахад эрхзүйн хувьд нэлээн өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэж мэдээлсэн. Яг ямар хууль, дүрмийг хэрхэн шинэчлэх вэ?

-Эрхзүйн хүрээнд одоо мөрдөж буй стандартуудыг шинэчилнэ. Бүх төрлийн халаалтын зууханд мөрдөж буй стандартыг шинэчлэх, авто тээврийн хэрэгслээс агаарт хаях хорт хийн стандартыг шинэчлэх, бие даасан эх үүсвэрийг магадлан итгэмжлэх журмыг шинэчлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

-Сайжруулсан түлш, сайжруулсан зуух хөтөлбөрт төсөв нь тодорхой болсон юм байна. Хэзээнээс эхлэх вэ?

-Ямартай ч эхний ээлжинд Үндэсний хороон дээр 400 сая төгрөг төсөвлөсөн. Хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж