Ирэх онд эдийн засаг яах вэ. Ийм хүлээлт иргэдийн дунд байна. Тэр тусмаа ирэх оны гуравдугаар сарын 31-нд Монгол Улс 580 сая ам.долларын өрөө төлнө. Энэ зээлээ төлөх нөөц ингэхэд Монголд байна уу?
Хөгжлийн банк мөнгөгүй, бараг дифолт зарлах хэмжээнд оччихоод байгаа. Улсын төсөв нь 2.6 их наядын алдагдалтай. Ирэх жил бид юу идэх вэ. Дээр нь 2018 онд үргэлжлүүлээд бид 500 сая ам.доллар төлнө.
Зээл бол зээл, АН-ын авсан, МАН-ын зээлсэн мөнгө гэж хөрөнгө оруулагчид улстөржихгүй нь лав. Тэд зээлсэн мөнгөө цагтаа авах шаардлага тавина. Үгүй бол Монгол Улс дампуурал зарлана. Гэвч, хямрал бидэнд маш том сургамж авчирч байгаа. Адаглаад л авсан зээлээ сар бүр халамж болгоод тарааж болдоггүй гэдгийг ухаарсан. Том төслүүдээ хөдөлгөх ёстой гэдгийг ойлгож авсан. Тиймээс Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ хэлэлцээ өчигдрөөс эхэлж, Монголын “Энержи ресурс”, Хятадын” Шинху ресурс”, Японы “Сумитома”-тай нэг ширээнд сууж байна. Засгийн газар өмнөх гэрээгээ сайжруулаад энэ ондоо багтаж Их хуралд оруулахаар төлөвлөж байгаа юм.
Тавантолгойн гэрээг ирэх онд үзэглэж чадвал дор хаяж 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр байгаа билээ. Тэрчлэн Н.Моди Монголд ирэхдээ амалсан нэг тэрбум ам.долларын зээлийг авах асуудал нааштайгээр эргэж, газрын тос боловсруулах үйлдвэр барихад зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд нэг тэрбум ам.доллар дотооддоо шингэх боломж бүрдэнэ.
Тэрчлэн Засгийн газрын хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон.
Энэ хууль батлагдсанаар Монголын зах зээлд гадаадын банк үүдээ нээнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар гадаадын дөрвөн банк Монголд салбараа нээх хүсэлтийг төв бак болон Сангийн яаманд тавьжээ. Засгийн газрын өчигдрийн /2016.12.16/ хуралдаанаар уг хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгажээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглох гэнэ.
Эндээс харахад ирэх жил Монгол Улсад гадаадын банк үүдээ нээх нь гарцаагүй болж байна. Ингэснээр өндөр хүүтэй арилжааны банкуудын зээлийн хүү буурна гэж үзэж байгаа бол үндэсний банкуудад сөргөөр нөлөөлнө гэж тайлбарлах хүмүүс бий.
Тэгвэл ирэх онд Гацууртыг хөдөлгөнө гэдгээ Засгийн газар амсалсан. Ингэснээр алтны үйлдвэрлэл нэмэгдэж, валютын нөөц өснө гэсэн эерэг хүлээлт бий. Энэ онд Монголбанкинд 17.7 тонн алт тушаасан нь түүхэн дээд хэмжээ бөгөөд Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болж буй. 2016 онд тушаагдсан алтны хэмжээ нь ойролцоогоор 700 сая орчим ам.доллар болоод байгаа юм байна.
Тэрчлэн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ОУВС-гаас 1-1.5 тэрбум, Японоос хоёр тэрбум ам.долларын зээл авахаар яриа хэлэлцээ эхлүүлсэн. Энэ мөнгө орж ирвэл эдийн засагт багагүй дэм болно. Тэгэхээр ирэх онд хэцүү жил болно гэхээсээ эдийн засагт өөдрөг төсөөлөл харагдаж эхэлснийг хэлэх хэрэгтэй болов уу.
Б.ХОНГОР