Норвеги гашуудаж, Брейвик маадгар хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Норвеги гашуудаж, Брейвик маадгар хэвээр байна

Дэлхийн хамгийн нам тайван улсын нэг Норвегид өнгөрсөн баасан гаригт алуурчин Андерс Бехрин Брейвикийн үйлдсэн аймшигт алан хядлагын дараа гартаа лаа, цэцэг барьсан хэдэн арван мянган Норвегичууд нийслэл хотын гудамж талбайд цугларч, амь үрэгдсэн хүүхэд, залуучуудын хойноос эмгэнэн гашуудаж байна. Энэ үеэр Норвегийн хунтайж Хаакон Осло хотод цугларсан 100,000 гаруй иргэдэд хандаж, өнөө шөнө хотын гудамж талбай хүмүүсийн халуун сэтгэлээр гэрэлтэх болно хэмээн хэлж олныг тайтгаруулж, нэгтгэж байв. Мөн Норвегийн Ерөнхий Сайд Женс Столтенберг хурсан олонд хандаж “Энэ цуглаанд оролцсоноороо та бүхэн ардчиллын төлөө “за” гэж нэг дуугаар давтан хэлж байна. Өнөөдрийн энэ үйл явдал ардчилал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн төлөө байх болно. Амилсан буг чөтгөр нэг л хүнийг дийлнэ үү гэхээс бүгдийг хэзээ ч дийлдэггүй юм” хэмээн мэдэгджээ. Цуглааны үеэр амь үрэгдсэн хүүхэд залуучуудад зориулсан богино хэмжээний хүндэтгэлийн концерт болж, энэ үеэр ард иргэд Нацистуудын эсрэг сүмийн дууллыг дуулж байлаа. Түүнчлэн эл цуглаан болохын өмнө норвегичууд амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэлж нэг минут чимээгүй байсан юм.

Харин дараахан нь үй олноор нь хүйс тэмтрэгч Брейвикийг шүүхийн танхимд дуудаж, нийгэм тэр дундаа Засгийн газарт эмх замбараагүй байдлыг бий болгож, ард иргэдэд хүнд гарз учруулсных нь төлөө терроризмын гэмт хэрэгт оноодог ял шийтгэлийг оноосон юм. Брейвик шүүхийн танхимд хэргээ хүлээсэн ч, терроризмд оногддог ял шийтгэлийг хүлээхээс татгалзжээ. Тэрээр шүүхийн танхимд дүрэмт хувцас өмсч, өөрийн гаргасан үйлдлээ зөвтгөхийг оролдсон тухайгаа бичсэн цаасыг уншихыг хүссэн ч шүүгч түүнд зөвшөөрөөгүй юм. Шүүгч ноён Брейвикийг хамсаатнууддаа дохио илгээхээс болгоомжилж, шүүх хурлыг хаалттай явуулсан байна. Норвегийн прокурор Кристиан Хатло ноён Брейвикийг хоёр ч сүлжээтэй холбоотой ажилладаг гэж үзэж байгаа билээ. Брейвикийн өмгөөлөгч ноён Гейр Липпистад Норвегичууд Брейвикийг шүүхийн танхим хүрэх замд нь хороох магадлалтай гэж үзэж байснаа NRK телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Гэвч шүүхийн танхимд эсэн мэнд хүрэлцэн ирсэн гэмт хэрэгтэн шүүх хурлын үеэр маш тайван байсан бөгөөд огт хэрэг үйлдээгүй мэт урам зоригтой байжээ. Шүүгч Брейвикийн мэдэгдлийг товчилж мэдэгдсэн бөгөөд үүнд “Брщейвик өөрийгөө Норвеги болон Европын ард түмнийг Марксист болон Мусульманчуудын колоничлолоос авран хамгаалахын тулд ийм үйлдэл хийсэн. Түүний алан хядах ажиллагааны зорилго олон хүний амийг хөнөөхдөө гол биш, улс орныг цагаачлалын далайд живүүлэхийг оролдож байсан Норвегийн эрх баригч Хөдөлмөрийн намд хамгийн их гарзыг учруулахад оршиж байсан” гэжээ. Норвеги улсын хуулиар ялын дээд хэмжээ 21 жил байдаг хэдий ч, нийгэмд хохирол учруулах магадлал өндөртэй гэмт этгээдийг үүнээс ч удаан хугацаагаар хорьж магадгүй байна.

Цагдаагийн газар Утойя арал болон Осло хотод болсон аймшигт аллагын үед амь үрэгдэгсдийн тоог нууцалж, 93 байсныг 76 хэмээн зөрүүтэй мэдээлсэн ч одоо хүртэл амиа алдагсдын тоо тодорхойгүй хэвээр байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж