Харин дараахан нь үй олноор нь хүйс тэмтрэгч Брейвикийг шүүхийн танхимд дуудаж, нийгэм тэр дундаа Засгийн газарт эмх замбараагүй байдлыг бий болгож, ард иргэдэд хүнд гарз учруулсных нь төлөө терроризмын гэмт хэрэгт оноодог ял шийтгэлийг оноосон юм. Брейвик шүүхийн танхимд хэргээ хүлээсэн ч, терроризмд оногддог ял шийтгэлийг хүлээхээс татгалзжээ. Тэрээр шүүхийн танхимд дүрэмт хувцас өмсч, өөрийн гаргасан үйлдлээ зөвтгөхийг оролдсон тухайгаа бичсэн цаасыг уншихыг хүссэн ч шүүгч түүнд зөвшөөрөөгүй юм. Шүүгч ноён Брейвикийг хамсаатнууддаа дохио илгээхээс болгоомжилж, шүүх хурлыг хаалттай явуулсан байна. Норвегийн прокурор Кристиан Хатло ноён Брейвикийг хоёр ч сүлжээтэй холбоотой ажилладаг гэж үзэж байгаа билээ. Брейвикийн өмгөөлөгч ноён Гейр Липпистад Норвегичууд Брейвикийг шүүхийн танхим хүрэх замд нь хороох магадлалтай гэж үзэж байснаа NRK телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Гэвч шүүхийн танхимд эсэн мэнд хүрэлцэн ирсэн гэмт хэрэгтэн шүүх хурлын үеэр маш тайван байсан бөгөөд огт хэрэг үйлдээгүй мэт урам зоригтой байжээ. Шүүгч Брейвикийн мэдэгдлийг товчилж мэдэгдсэн бөгөөд үүнд “Брщейвик өөрийгөө Норвеги болон Европын ард түмнийг Марксист болон Мусульманчуудын колоничлолоос авран хамгаалахын тулд ийм үйлдэл хийсэн. Түүний алан хядах ажиллагааны зорилго олон хүний амийг хөнөөхдөө гол биш, улс орныг цагаачлалын далайд живүүлэхийг оролдож байсан Норвегийн эрх баригч Хөдөлмөрийн намд хамгийн их гарзыг учруулахад оршиж байсан” гэжээ. Норвеги улсын хуулиар ялын дээд хэмжээ 21 жил байдаг хэдий ч, нийгэмд хохирол учруулах магадлал өндөртэй гэмт этгээдийг үүнээс ч удаан хугацаагаар хорьж магадгүй байна.
Цагдаагийн газар Утойя арал болон Осло хотод болсон аймшигт аллагын үед амь үрэгдэгсдийн тоог нууцалж, 93 байсныг 76 хэмээн зөрүүтэй мэдээлсэн ч одоо хүртэл амиа алдагсдын тоо тодорхойгүй хэвээр байна.