Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Монголоос дүрвэгсэд

-Өнгөрсөн зууны дөчөөд онд эх орноосоо дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөжээ. Хамгийн сүүлд  судалснаар  11 700  өрхийн  47 мянга орчим хүн  дүрвэсэн гэж үзжээ-

Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн доктор, дэд профессор С.Бадрал

“Манайх Ю.Цэдэнбал даргаас Монголдоо эргэн ирэх зөвшөөрөл авч, 42 хоног тэмээн ачаагаар нүүдэл хийж байж эх нутагтаа ирсэн” гэж Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн доктор, дэд профессор С.Бадрал илтгэлдээ дурдлаа. Тэрбээр монголчуудын хил дамнасан нүүдлийн тухай  өөрийн гэр бүлийнхний нүүдлийн талаарх сонирхолтой илтгэлийг  “Хил дамнасан нүүдэл, суудал: Шалтгаан, үр дагавар /1930, 1940-өөд он/” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр нийтэд дуулгасан. Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2016.12.22/ Гандагтэгчинлин хийдэд боллоо.

Зүүнтний үед явуулсан “феодал”-ын хөрөнгө хураалт, жасын кампани, хамтрал коммуныг олноор нь байгуулж, нам, төрийн шалгалт зохион явуулсан зэрэг нь хувиар хөдөлмөр эрхлэгч, эд хөрөнгөөр чинээлэг хувийн аж ахуйтны өмчийг эздээс нь салган авч байв.  Үүний улмаас 1930 оны эцсээр Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо оргож хил даван нүүх, дүрвэх  үзэгдэл их байжээ. Тэрхүү  дүрвэх хөдөлгөөнд одоогийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгийн иргэд олноороо  хамрагдсаныг эрдэмтэн судлаачид онцолж байлаа.

ДҮРВЭГСДИЙН ИХЭНХ НЬ ЛАМ НАР

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Д.Тод

-Би өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд “Хил дамнасан нүүдэл, суудал: Зарим мэдээг аман түүхээр тодруулах нь” сэдвээр илтгэл тавих гэж байна. Манай улсад өмнө нь энэ сэдвээр судалгаа хийж, амьд гэрчүүдтэй уулзаж байгаагүй. Энэ судалгаагаар улсын түүхэнд тэмдэглэгдээгүй, аман мэдээллүүд маш их гарч ирсэн. Үүн дотроос нэг хүний жишээг хэлэхэд Ёст бээсийн хошууны занги Дашням гэдэг хүний хүү Жамбалдоржийг өвөрмонголд очиж, япон хэл сурсан сэргэлэн залуу байж. Түүнийг анх 1945 онд эх орондоо нүүж ирэхэд нь барьж хорьсон. Удалгүй тэр шоронгоос оргож, нийслэлийн ойролцоо уул хадаар амьдардаг байсан. Хааяа зах дээрээс хоол хүнс олж иддэг. Түүнийг харсан хүмүүс мэдээлж, дахин Дотоод яамны цэргүүд барьж хорьсон байдаг. Тэгсэн тэр өвлийн хүйтэнд дотуур өмдтэй, хөл нүцгэн дахин зугтсан. Тэр хүнийг сүүлд буудан хороосон байдаг юм билээ. Энэ мэт ард иргэдийн дундаас тухайн үеийн аман мэдээллийг цуглуулсан. Тухайн үед монголоос дүрвэж гарсан хүмүүсийн ихэнхийг лам нар эзэлж байсан. Мөн хөрөнгөө хураалгасан, эрхээ хасуулсан хүмүүс монголоос дүрвэж гарсан байдаг. Монголоос 1930-1932 оны хооронд хүмүүс дүрвэн гарсан ч шинэ эргэлтийн бодлого гарч, зүүний алдаа завхарлыг засаж эхлэх  үеэр дүрвэгсдийн 50 хувь нь эх орондоо эргэн ирсэн. Тэгэхдээ лам нарын эсрэг хатуу бодлого баримталж байсан учраас ихэнх лам нар хилийн чанадад үлдсэн байдаг юм билээ гэсэн юм.

ЭХ ОРОНДОО ИРЭЭД ЦӨӨНГҮЙ НЬ ЦААЗЛУУЛЖЭЭ

Өмнөговь аймгийн иргэн А.Цоож

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд “Өмнийн говийнхны улс төрийн тэмцэл ба хэлмэгдүүлэлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн А.Цоож гуай Өмнөговь аймгаас хүрэлцэн иржээ. Тэрбээр 1932 оны их нүүдэл хөдөлгөөн Өмнөговь аймагт болсон. Тухайн үеийн түүхэн эх сурвалжаас үзэхэд манай аймгийн Мандалговь сумаас бусад бүх сумаас 2000 орчим айл дүрвэн гарсан байдаг. Гэхдээ 1932-1940 оны хооронд уван цуван эх орондоо ирж байсан. Сүүлд 1945 оны дайн дууссны дараагаар Дорноговь аймгаар дамжин нутагтаа ирж байсан. Ингэхдээ Дотоодын хяналтын яамны хатуу хяналтад Дорноговь аймгийн Иххэт суманд 10 гаруй жил амьдарч байсан. Энэ хугацаанд олон хүн цаазаар авахуулсан байдаг гэсэн юм.

1933 оны байдлаар БНМАУ-ын баруун ба баруун өмнө талын аймгуудаас албан бус тоогоор 940-өөд өрх айл буюу нэг өрхөд дунджаар 3-4 хүнтэй гэж тооцоход 37 700 орчим хүн дүрвэн гарчээ. Уг дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөсөн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 11 700-аад өрх бүхий 47 000 орчим хүн хамрагдсан судалгааг танилцууллаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж