Олны танилуудын оносон бэлэг

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Олны танилуудын оносон бэлэг

-Агаарын бохирдол хамгийн ихтэй 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч ХЕПА шүүлтүүр олгож байна-

Агаар ихээр бохирддог гэр хороолол дунд байрлаж буй цэцэрлэгийн багачуудыг утаанаас хамгаалах үйлсэд олны танил хүмүүс  идэвхтэй оролцжээ. Олны танил залуухан ээжүүд  цэцэрлэгийн багачуудад амны хаалт бэлэглэж, тэдэнтэй тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлсэн юм. Нэвтрүүлэгч Д.Уранзаяа /боксчин Н.Төгсцогтын эхнэр/, загвар өмсөгч С.Төгс, “Яг түүн шиг” шоуны оролцогч, загвар өмсөгч С.Сарнай нарын үзэсгэлэнт бүсгүйчүүд өнөөдрийн хүмүүнлэг үйлсэд сэтгэлээрээ оролцсон юм.

“Манай цэцэрлэг Дарь-Эхийн 27 дугаар хороонд байрладаг. Өглөө цэцэрлэг рүүгээ явахад утаан дундаас өмнөх машин харагддаггүй. Эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгөх, авахад хаа сайгүй ханиалгасан л хүмүүс явдаг. Хүйтний улирал эхэлж, агаарын бохирдол бий болгоход цэцэрлэгийн хүүхдүүдийн маань тал хувь нь ханиад томуу, үрэвслийн улмаас ирж чаддаггүй. Манай цэцэрлэгийн хүүхдүүд тэр чигтээ гуурсан хоолойн үрэвсэлтэй болсныг эмч нар тогтоосон. Арга ядахдаа бид нар хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулсан” хэмээн Дарь-Эхийн 45 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сайнбилэг ярилаа.

10 хүртэлх насны хүүхэд насанд хүрсэн хүнээс хоёр дахин их амьсгалдаг тул хортой агаараар 50 хувиар илүү хорддог хэмээн эмч нар сануулж байна. Энэ ч үүднээс нэн тэргүүнд хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах шаардлага бийг сануулсаар байгаа.

Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд өнөөдөр /2016.12.22/ нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Цэвэр агаар төсөлтэй хамтран агаарын бохирдлын голомтод байрлаж буй 50 цэцэрлэгт 200 ширхэг агаар цэвэршүүлэгч, мөн 48 сургуулийн сурагчдад шүүлтүүртэй амны хаалт гардуулан өгсөн юм.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Цэцэрлэгийн дотоод агаарыг хэмжих судалгаа явуулахад зохих хэмжээнээс гурав дахин илүү бохирдолтой гэх гарсан. Иймээс эхний ээлжид агаарын бохирдол хамгийн ихтэй 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч ХЕПА шүүлтүүр олгож байна. Нийтдээ 50 цэцэрлэгийн 2-5 насны 7400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Агаар шүүгч тавьснаар цэцэрлэгийн дотоод бохирдлыг 90 орчим хувиар бууруулна. Энэ төхөөрөмж нь 60 м2 талбайг бүрэн цэвэршүүлэх чадалтай. Тус бүр нь 370 ам.долларын өртөгтэй. Энэ төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж байна. Мөн цэцэрлэгийн доторхи агаарыг хэмжих багажийг гардуулж өглөө. Цаашид нийслэлийн бүх цэцэрлэгийг хамруулна” гэлээ.

Мөн агаарын бохирдол ихтэй бүсэд оршдог, гэр хорооллын 48 сургуулийн сурагчдад 40 мянган шүүлтүүртэй амны хаалтыг гардууллаа. Энэ амны хаалт нь Монголд үйлдвэрлэдэг. Жижиг ширхэглэлт тоосонцрыг зургаан давхар шүүлтүүрээр шүүдэг юм байна. Уг амны хаалтыг Монголын “Эрбуб” компани үйлдвэрлэж байгаа билээ. /утаанаас хамгаалах амны хаалтны талаар хийсэн манай агентлагийн сурвалжлагыг ЭНД-ээс үзнэ үү./

Агаарын бохирдлыг бууруулах газрын хэлтсийн дарга Х.Галинбек “Ялангуяа бага насны хүүхэд агаарын бохирдолд илүү өртдөг. Тиймээс гэр хорооллын, агаарын бохирдлын голомтод байрладаг эдгээр сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад агаар шүүгчтэй амны хаалтыг өгч байна” гэлээ.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж