-Хамгийн гол аюул бидэнд өөрт маань байна, дотоодын эв нэгдэлгүй энэ байдал тусгаар тогтнолд заналхийлэх хүртэл хэмжээнд хүрч байна-
Интернэтэд харийг хүсэмжлэгч монгол хэлтнүүд дэндүү олширчээ. “Орос ах нар” гэж ирээд л хожуу үеийн түүхээр мэдэмхийрэгчид олширч, урд хөршийг үзэн ядагсад дэндүү их. Ер нь дарангуйлагчийг үгүйлэгчид. Түүнийг хүсэмжилсэн сэтгэгдэл, элдэв “пост”-ыг хараахан учрыг тунгааж, төлөвших насандаа хүрээгүй яваа өсвөрийнхөн ихээхэн түгээх болсон нь гайхшрал төрүүлнэ.
Өнөөдөр бидэнд нэгдэх, нэгнээ дэмжих бодлого үгүй болж. Биднийг маргуулж, муудалцуулаад байдаг далдын “хар хүчин” байх шиг. “Төрийн минь сүлд өршөө” гэдэг монголчуудын дунд түүнээс хэрэггүй зүйл байхгүй болов. Мэдэхгүй, чадахгүй, ярихгүй, нуухгүй сэдэв үгүй болж өрсөлдөн бие биенээ намнах болов. Хаана үнэн, хаана худал байгааг ялгаж салгах боломжгүй болов.
Өчигдөрхөн гэхэд Ц.Мөнх-Оргил сайдын www.itoim.mn сайтад өгсөн ярилцлагаас иш татан Синьхуа агентлаг мэдээлэл хийжээ. Үүнийг www.mongol.cri.cn сайт орчуулан хүргэснийг бид шүүрч аваад шуугиан болов. Мөнх-Оргил Хятадад очиж сөгдлөө гэх санаа өчигдрийн нийгмийн сүлжээгээр давалгаалав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хэлсэн үг нь “Монгол улс төр, шашны хэргийн тусдаа байх бодлого хэрэгжүүлж байна. Засгийн газрын шугамаар 14 дүгээр Далай ламыг хэзээ ч урьж байгаагүй, цаашид ч урихгүй нь ойлгомжтой. Шашны шугамаар ч Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй нь тодорхой юм”. Ийм л үг хэлсэн.
Харин Хятадын зүгээс эл яриаг “Ц.Мөнх-Оргил: Далай ламыг Монголд дахин айлчлан ирэхийг хориглоно” гэж тавьсан байж болно. Үүнийг нь манайхан Хятадад очоод “мөргөөд, сөгдөөд” хэлчихсэн мэтээр ташаарав. Ингэхдээ өмнө нь хийсэн албан уулзалтын зураг ашиглав. Гадаад хэргийн сайд Хятадад айлчилсан эсэхийг ч тодруулалгүйгээр очоод сөгдлөө гэсэн утгаар мэдээлэл цацав. Үүнээс хэн хожих вэ.
Ц.Мөнх-Оргил сайд ийм мэдэгдэл хийхээс өөр аргагүйд хүргэсэн нь хэн бэ? Хятадын тал уу? Эсвэл Ерөнхий сайд уу, Далай лам уу? Асуудал Далай ламдаа биш. Бидэнд л байсан. Засгийн газрын зүгээс энэ айлчлалд төр ямар ч холбоогүй, бурхны шашинтнуудын урилгаар ирж буйг сануулсаар байтал интернэтийн мэргэшсэн “геополитикчид”, улстөрч лам нар амаа мэдэхгүй бурж, хоёр орны харилцаанд сэв суулгах гэлээ гэж ирээд л мэдэмхийрцгээсэн. Үүнийг л анаад сууж байсан том хөрш өчүүхэн төдий үгийн алдаан дээр дөрөөлөх нь тодорхой. Тиймээс ч өнгө аяст нь таацуулаад “шүгэл үлээлгэчихсэн” хэрэг. Харин манайхан дагаад дахиад л “исгэрэх” нь тэр. Ингэж амны зоргоор бурсны хариу эргээд өөрсдөө л чөдөрлүүлэхэд хүрэх вий.
Сүүлийн үед сошиалаар “Хятад хилээ хаахад л бид будаа. Долоо хоногийн дараа сүйрнэ” гэсэн мессэж хүчтэй явах болов.
Бүгдээрээ ийм стратегичид болчихсон юм бол Монгол яагаад ийм уруу, дорой болчихсон юм бол оо! Энэ хэн нэгний үзэл бодол уу, нийгмээр нь сэнхрүүлэх гэсэн холоос шидсэн чулуу юу?
Монголын хагарал Манжид эзлэгдэхийн өмнөхтэй ижил төвшинд хүрээд буйг эрдэмтэд анхааруулаад буй нь худлаа биш. Өчигдөр /2016.12.21/ Төрийн ордонд болсон “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар хөндсөн асуудлын нэг энэ байсан. Хамгийн гол аюул бидэнд өөрт маань байна, дотоодын эв нэгдэлгүй энэ байдал тусгаар тогтнолд заналхийлэх хүртэл хэмжээнд хүрч байна.Үүнийг түүхч Д.Өлзийбаяр “Монголчуудын оюун санааны нэгдмэл байдал алдагдаж байна” гэдгээр товчхон тайлбарласан. Монголчууд бид бүр Манжид эзлэгдэхийн өмнөх шиг тийм хагаралд хүрчээ. Нэг нь нэг ажил эхлүүлнэ, нөгөөх нь шүүрч аваад мушгина, хараар будна. Газар доор ортол нь муулна. Амь насыг нь хөнөөхийг уриална. Гүйцээ.
Хүнээрээ байхыг чухалчилдаг байсан монголчууд хүний мууд хамгийн дуртай болчихсоныг интернэтийн орчноос бид хангалттай хараад, тэрэнд нь хойч ирээдүй маань дасан зохицож хүмүүжээд өнөөгийнхнөөс ч аюултай өвч зэвсэглэсэн нөхдүүд гарч ирэх нь.
Бидэнд эдийн засгийн хямралаас илүү оюун санааны гүн доройтол заналхийлж байна. Сүүлийн хорин жил талцаж маргасны үр дүнд бид дэлхийгээс улам бүр тусгаарлагдсан. Хоёр хөршийн бодлого бол харилцан өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд нийгмийн сэтгэл санаа болоод төрийн түшээдэд нөлөөлөхийг оролдож ирсэн. Бид харин тэдний хаясан өгөөшийг тэр болгонд нь үмхэж ирснээс өнөөгийн байдалд орсон бус уу. Бие биенээ үзэн ядсан дотоодын хагарал тэмцэлтэй улс орон хөгжиж дэвжих боломжтой юу. Ингэж талцаад, маргаад, үзэн ядаад бид юу хожсон юм бэ. Өөрсдийгөө үзэн ядаад бид өөдлөх үү?