Дүрвэгсдийн хямрал ирэх онд ч үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн хямрал ирэх онд ч үргэлжилнэ

Европыг чиглэсэн дүрвэгсдийн урсгал ирэх 2017 онд хоёр дахин нэмэгдэж, гурван саяд хүрэхийг Европын зөвлөлөөс анхааруулжээ. Дүрвэгсдийн тал хувь нь Газар дундын  тэнгисийг гатлан европт хөл тавьдаг аж. Эгийн тэнгист өвлийн улиралд цаг агаар хүндэрдэг ч энэ нь дүрвэгсдийг зогсоохгүй байна. Энэ өвөл Туркээс Грекээр дамжин Европ ирэх дүрвэгсдийн тоо өдөрт 5000-аас буухгүй гэдгийг  НҮБ-ын агентлаг мэдээлэв. Үүний зэрэгцээ Европ руу дүрвэгсэд, цагаачдыг зөөвөрлөх нь сайтар төлөвлөсөн, өндөр ашигтай бизнес. Гэвч тээвэрлэгчид ашиг олохоо л бодохоос хүний амийг хайхардаггүйгээс өнгөрсөн онд олон мянган хүн тэнгист осолдож амь үрэгдсэн билээ. Хэврэг завь, усан онгоцонд даац хэтрүүлэн тэнгисийг гатлах оролдлого нь мэдээж аюултай. Гэсэн ч европт хөл тавьж чадвал сайхан амьдрах итгэл тээсэн дүрвэгсэд амь насаа эрсдэлд оруулсаар байна. Ирак, Афганистан, Эритрей, Сомали, Сири дэх зөрчил мөргөлдөөн олон сая дүрвэгсдийг Европ руу илгээж байгаа юм.

Тэнгист осолдсон дүрвэгсдийг аварч эрэг дээр гаргав

Европын холбооны эдийн засагт дүрвэгсдийн урсгал бага боловч эерэг нөлөө үзүүлснийг судалгааны байгууллагууд мэдээлжээ. Европын холбооны ДНБ-ы 0.2-0.3 хувийн өсөлтөд дүрвэгсдийн оролцоо  их аж. Үүний зэрэгцээ дүрвэгсдийн нөлөөгөөр Европын холбооны орнуудын хүн ам 0.4 хувиар нэмэгдэх гэнэ.

Германы канцлер Ангела Меркель дүрвэгч залуутай хамт зургаа даруулав

Канцлер Ангела Меркелийн дүрвэгсдийг Германд хүлээж авах нээлттэй хаалганы бодлого 38 тэрбум фунт-стерлингийн зардал гаргасныг судалгааны агентлаг мэдээлжээ. Герман улс өнгөрсөн онд 1.1 сая дүрвэгч хүлээн авч, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг хэрэгцээгээр хангасан байна. Гэвч олон мянган дүрвэгсдийг хүлээж авах болсноос хойш Германд хэрэг төвөг гарах нь нэмэгдсэнээр үндсэрхэг үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарах болжээ. Турхайлбал, энэ долоо хоногийн эхээр Германы нийслэл Берлин хотод худалдааны төв руу ачааны машин дайрч орсноор  12 хүн амь үрэгдсэн хэрэгт Пакистаны дүрвэгчийг буруутган баривчилсан юм. Түүнийг гэрчийн мэдүүлгээр баривчилсан боловч нотлох баримт хангалтгүй учраас суллажээ. Халдлагыг Исламын улс бүлэглэлийн зааварчилгаагаар үйлдсэн байх магадлалтай хэмээн Германы хууль хяналтынхан үзэж байгаа аж.

Дональд Трамп дүрвэгч, цагаачдад боломж олгохгүй

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх нэгдүгээр сарыг дүрвэгч, цагаач иргэд түгшүүр, айдсын догдлол дунд хүлээж байгаа юм. Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дүрвэгсдийн хурцаар шүүмжилж, мусальман иргэдийг АНУ-ын хилээр оруулахгүй хэмээн эрс шулуун мэдэгдсэн билээ. Тэрбээр дүрвэгсэд зөвхөн терроризмын аюул дагуулаад зогсохгүй амьдралын чанарыг бууруулж байна хэмээн мэдэгдсэн аж. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн онд хүлээж авах дүрвэгсдийн тоог 85 мянгаас 110 мянга болгож нэмэгдүүлэхээ зарласан байв.

Дүрвэгсдийн хуаран

Дэлхийн II дайнаас хойших хамгийн том дүрвэгсдийн давалгаа ид дундаа үргэлжилж байна. 2011 оны гуравдугаар сараас хойш Сири улсад өрнөж буй Башар аль-Ассадын засгийн газар болон босогчдын хоорондох тэмцлийн улмаас 4.8 сая хүн эх орноосоо дүрвэжээ. Сирийн дүрвэгсдийн олонх нь хөрш зэргэлдээ Турк, Ливан, Йорданд суурьшин амьдарч байна.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж