Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Монголын үндэсний олимпийн хороо 60 жилийн түүхийг бичсэн нь спорт, олимпийн хөдөлгөөний онцгой үйл явдал” болохыг тэмдэглэжээ. Түүний мэндчилгээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-г олимпийн хөдөлгөөний идэвхтэй, найдвартай түншийн зиндаанд хүрснийг онцолсон байв.
Олимпийн хөдөлгөөнд нэгдэж, спортоор дамжуулан Монголыг дэлхийд таниулах эрхэм үүргийг нэр төртэй хүлээж ирсэн Монголын үндэсний олимпийн хороо нэгэн жарны намтрыг ардаа үлдээлээ.
Монголын олимпийн намтар Монголын спортын түүх юм. МҮОГ-г 1956 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж байжээ. Олимпийн гэр бүлд өнгөрсөн жаранд тохиосон үйл явдал бүхнийг өнөөдөр эргэн сонсож, уншиж, дурсах нь сонин байна. Анхны олимп, анхны тамирчид, анхны медаль, анхны алтан медаль… Жаран жилийн хугацаанд Монгол Улс өвөл, зуны 26 олимпийн наадамд тамирчдаа оролцуулж, 2 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын олимптой холбогдох бусад сонирхол татах мэдээлэл, тоо баримт, үйл явдлын товчооныг товчлон сийрүүллээ.
МҮОХ Олон улсын олимпийн хорооны гишүүнээр элсэх хүсэлтээ 1960 онд илэрхийлжээ.
1962 онд Москва хотноо хуралдсан ОУОХ-ны 60-р чуулганаар МҮОХ-г өөрийн бүрэн эрхт 69 дэх гишүүнээр элсүүлжээ.
МҮОХ-ны анхны ерөнхийлөгч Элдэв-Очирын Дарьсүрэн /1921-1987/ юм. Тэрээр 1956 оны гуравдугаар сард энэхүү үүрэгт ажилд томилогджээ.
МҮОХ-г өнгөрсөн хугацаанд Ж.Лхагвасүрэн /Олноо жанжин хэмээн өргөмжлөгдсөн/, Д.Ядамсүрэн, Н.Норолхоо, Ш.Магван, Г.Дамдин, Д.Дашдовдон, Г.Дашзэвэг, С.Болд, С.Жамц, Ш.Отгонбилэг, Д.Загдсүрэн нар удирдав.
МҮОХ-ны хоёр дахь ерөнхийлөгч Ж.Лхагвасүрэн одоо ч анхны өнгө төрх, зориулалтаар ашиглагдаж буй Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг санаачлан бариулсан түүхтэй.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн 1999 оноос МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, 2001 оноос ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
МҮОХ-ы тав дахь ерөнхийлөгч Ш.Магван 1977 онд ОУОХ-ны Прагад болсон чуулганаар тангараг өргөж, ОУОХ-ны гишүүн болжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өвөл, зуны 28 олимпийн наадамд хүндэт зочноор уригдсан байна.
Монгол Улс 1964 оны аравдугаар сар 10-24-нд Японы Токио хотноо болсон Зуны олимпийн XVIII наадамд анх оролцжээ. 21 тамирчны бүрэлдэхүүнтэй олимпийн анхны баг буудлага, гимнастик, хөнгөн атлетик, дугуй, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөв.
Олимпийн наадамд оролцсон Монголын багийн анхны тугчийн үүргийг хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ч.Найдан хүлээжээ. /Токио-1964/
Монголын баг “Мехико-1968” олимпийн наадмаас анхны медалиа хүртжээ. 1968 оны аравдугаар сарын 12-27-нд болсон олимпод буудлага, гимнастик, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрөлд 16 тамирчин оролцож, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв.
Монголын тамирчдын түүхэн дэх анхны медалийг чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн Ч.Дамдиншарав хүртсэн билээ. /Мехико-1968/.
Олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин бол “Барселон-1992” олимпод буудлагын төрөлд өрсөлдсөн Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр юм.
Монгол Улсын олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг “Бээжин-2008” олимпийн наадамд өрсөлдсөн Н.Түвшинбаяр /жүдо/, Э.Бадар-Ууган /бокс/ нар хүртсэн түүхтэй.
Монголын баг тамирчдын өвлийн олимпод оролцсон түүх мөн 1964 оноос эхэлнэ. 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-ний хооронд үргэлжилсэн Инсбрукийн олимпод Монголын шигшээ баг цана, биатлон, тэшүүрийн төрөлд 33 тамирчнаа оролцуулжээ. Олимпийн тугчаар тэшүүрийн тамирчин Л.Цэнд томилогдож байжээ.
Өдгөө МҮОХ нийт 92 гишүүнтэй ба МҮОХ-нд 65 спортын холбоод aхарьяалагдаж байна.
Б.БАДМАА