Монгол Улсын төр 30.074.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өчигдөр мэдээлжээ.
Хүн амын удмын сангийн тэнцвэр алдагдаж, цус ойртолт эрчимжсэнийг судлаачид онцоллоо. Улсын хэмжээнд 2005-2009 оны хооронд /дөрвөн жилийн хугацаанд/ 689 согогтой хүүхэд мэндэлж байсан бол 2014-2015 онд 1280 тохиолдол болж нэмэгджээ. Дөнгөж мэндэлж буй нярай төрөлхийн ямар нэгэн согог, гажигтай төрж буй нь цус ойртолтын шинж гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхмаа тайлбарлалаа.
УИХ-ын өчигдрийн чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг батлах нь зүйтгэй гэж нийт гишүүдийн 86 хувь үзсэн тул хуулийн төслийг баталлаа.
Энхтайваны гүүрийн хашлага урьд шөнийн 3.00 цагийн орчимд нуржээ. Согтуу жолооч гүүрний хашлага мөргөсний улмаас хоёр гэрлийн шон унаж, гүүрний хашлагыг нураасан талаар Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Осол гаргасан жолооч 8915 УНИ улсын дугаартай "Nissan X-Trial" маркийн автомашинтай байсан бөгөөд осол болсон газраас зугтжээ. Замын цагдаагийн албан хаагчид осол гаргасан машины дугаараар шүүлт хийснээр тухайн жолоочийг тогтоосон байна. Одоогоор Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Өнгөрсөн зууны дөчөөд онд эх орноосоо дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөжээ. Хамгийн сүүлд судалснаар 11 700 өрхийн 47 мянга орчим хүн дүрвэсэн гэж үзжээ.
Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ тэтгэлгийг шилдэг 30 оюутан гардан авлаа.
Францын AFP (Agence France-Presse) мэдээллийн агентлагийн сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгчид сонгогдсон Дональд Трампыг 2016 оны хамгийн нөлөө бүхий хүн гэж нэрлэв. Чансааны хоёрт, Оросын лидер Владимир Путин, гуравт нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар бичигджээ. “Трамп баруундаа алдартай ыхоёр улстөрчөөс түрүүлж чадлаа” хэмээн сэтгүүлчид тэмдэглэжээ.
Германы нийслэл Берлин хотын худалдааны захад болсон халдлагын сэжигтнийг эрэн сурвалжилж байна. Халдлага үйлдсэн ачааны машины жолоочийг Тунисийн иргэн, 24 настай Анис Амри гэгч байсныг тогтоожээ. Тэр өмнө нь хэт даврагч лалын бүлэглэлтэй холбогдож байсан бөгөөд зэвсэглэсэн байх магадлалтай гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. 12 хүний амийг хөнөөж, 48 хүнийг гэмтээсэн хэргийн сэжигтэн хаана орогнож буй талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг 100 мянган еврогоор шагнахаар болсон байна.