Гэмт этгээдийг амьдаар бариагүй учрыг шалгана

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Гэмт этгээдийг амьдаар бариагүй учрыг шалгана

Туркт суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудаж хороосон гэмт этгээдийг амьдаар нь баривчилж чадаагүй учир шалтгааныг тогтоохоор Туркийн холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ. Халдлагатай холбогдуулан нийт 11 хүнийг баривчлан саатуулсны дунд гэмт этгээдийн эцэг, эх, эгч нь байгаа юм.

Өнгөрсөн даваа гаригт /2016.12.19/ Анкара дахь уран зургийн галлерейд ОХУ-ын Элчин сайдын амийг хөнөөсөн гэмт этгээд нь 22 настай Мевлут Мерт Алтинтас гэгч байсан юм. Аллагын дараа галлерейд тусгай ажиллагаа явуулсан Туркийн тусгайгийнхан яагаад Алтинтасыг амьдаар барьж чадаагүй шалтгааныг шалгаж эхэлсэн талаар тус улсын Анадолу мэдээллийн агентлаг мэдээлжээ. Алтинтас цагдаагийн алба хаагчдын өмнөөс “Та нар намайг амьдаар минь барьж чадахгүй” хэмээн орилж байсан бөгөөд эхлээд хөл рүү нь буудаж шархдуулсан ч мөлхөөгөөрөө өөдөөс нь гал нээж байсан гэнэ.

Туркийн ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган тусгайгийнхны үйлдлийг өмгөөлж, “Амьдаар нь барьж болохгүй нөхцөл байдал үүссэн учраас тэр. Өмнө нь гэмт этгээдийг амьдаар нь барих гэж хичээсний улмаас Бешикташид юу болсныг харж байгаа биз дээ” хэмээсэн байна. Сануулахад, арванхоёрдугаар сарын эхээр Истанбул дахь Туркийн “Бешикташ” хөлбөмбөгийн багийн цэнгэлдэхийн гадна тэсрэх бөмбөг дараалан дэлбэрч 44 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж