Эрдоган: Гэмт этгээд Гюлен хөдөлгөөний гишүүн

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Эрдоган: Гэмт этгээд Гюлен хөдөлгөөний гишүүн

Туркийн ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган

ОХУ-ын Элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн гэмт этгээд Мевлут Атлинтас нь “ФЕТО” буюу Гюлен хөдөлгөөнтэй холбоо сүлбээтэй болохыг тогтоосон талаар Туркийн ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган өчигдөр /2016.12.21/ мэдэгджээ. Энэ талаар ИТАР-ТАСС мэдээлсэн байна.

“Мевлут Мерт Атлинтас нь ФЕТО-гийн гишүүн бөгөөд үүнийг нууж хаах ямар ч шаардлага байхгүй. Түүний төрж өссөн газар, одоогийн статус гээд бүгд үүнийг гэрчилнэ” хэмээн ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр мөн “Энэ бохир бүлэглэлийн гишүүд манай цагдаа, зэвсэгт хүчний дотор ч шургалсан байгааг хэлэх нь зүйтэй” гэсэн байна. Түүнчлэн Эрдоган ОХУ-ын мэргэжилтнүүд мөрдөн шалгах ажиллагаанд Туркийн талтай хамтран ажиллаж буйг дурдаад, “Мөрдөн байцаагч, тагнуулын албаныхан энэ хэрэгт ажиллаж байгаа. Тэдний ажил удахгүй үр дүнд хүрч, олон нийтэд зарлана гэдэгт найдаж байна. Гэмт этгээдийн гадаад улсад холбоо тогтоосон зарим нэг мэдээллийг олсон” гэжээ.

Туркүүдийн ФЕТО хэмээн нэрлэдэг Гюлений хөдөлгөөний удирдагч нь лалын номлогч Фетхуллах Гюлен юм. Түүнийг Туркийн эрх баригчид өнгөрсөн долдугаар сард дэгдсэн төрийн эрхийг булаах оролдлого, бослогыг зохион байгуулсан гэж буруутгадаг. Фетхуллах Гюлен цагтаа Эрдоганы гол холбоотой, Туркийн нөлөө бүхий хоёр дахь хүн хэмээгдэж байсан ч хээл хахуулийн хэрэгт холбогдож, ерөнхийлөгчтэйгээ түнжин хагарснаар Туркээс оргон зайлж, өдгөө АНУ-ын Пенсильвани мужид цагаачлан амьдарч байгаа юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж