Олон мянган америкчуудын хувьд Зул сарын баярыг “ажлаасаа халагдсан” гэсэн таагүй мэдээтэй угтаж байна. Тэдний хувьд Гринч Зул сарын баярыг нь “хулгайлжээ”.
GENERAL MOTORS: АНУ-ын авто үйлдвэрлэгч General Motors Детройт дахь салбараас 1300 хүнийг ажлаас нь халах шийдвэрээ өнгөрсөн даваа гаригт /2016.12.19/ зарлав. Цомхтголд багтсан ажилчид нь Chevy Volt, Chevy Impala болон Buick LaCrosse-ийн үйлдвэрлэлийн хэлтэст ажилладаг байжээ. Дээрхээс гадна ойрын нэг сарын хугацаанд дахин 2000 хүнийг ажлаас нь чөлөөлнө гэдгээ GM мэдэгдээд байна.
BOEING: Тус компани 2016 онд хэд хэдэн удаа цомхтгол явуулсан юм. Зорчигч тээврийн онгоцны захиалга багассан шалтгаанаар тэд хэдэн мянган ажилтнаа халаад байгаа. Тэгвэл, 2017 онд ч мөн зорчигч тээврийн онгоц угсардаг хэлтэст цомхтгол явуулахаа энэ долоо хоногт мэдэгдлээ. Тэдний гол өрсөлдөгч Airbus бас өнгөрсөн арваннэгдүгээр сард 1200 ажлын байр цомхтгож буйгаа үйлдвэрчний эвлэлдээ мэдэгдсэн юм.
GOPRO: Камер үйлдвэрлэгч тус компани ажлын байраа 200-гаар багасгах тухай төлөвлөгөөгөө өнгөрсөн сард танилцуулсан юм. Тэд 2016 оны эхээр мөн 100 гаруй ажилтнаа халсны дийлэнх нь энтертайнментийн хэлтсийнхэн байжээ.
XEROX: 2016 онд багтаж тус компани бүтцийн хувьд хоёр хуваагдаж байгаа юм. Тиймээс цомхтгол зайлшгүй хийгдэх талаар компанийн ерөнхийлөгч Жефф Жэкобсон мэдэгджээ. Одоогоор хэд орчим ажилтан цомхтголд хамрагдах талаар мэдээлэл өгөөгүй ч компанийн нийт 39 мянган алба хаагчийн дийлэнх нь ажлаасаа чөлөөлөгдөх таамаг байгаа юм.
CATERPILLAR: Өнгөрсөн намар 10 мянган ажлын байраа чөлөөлсөн Caterpillar компанийн удирдлага өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж, дахин цомхтгол явуулахаа зарласан юм. Энэ удаад хэдэн хүн ажилгүй болох талаар тоймтой мэдээлэл өгөөгүй байна.
THE LIMITED: Бэлэн хувцасны худалдааны бизнес эрхэлдэг тус компани Охайо дахь компанийн төв байранд ажилладаг 248 ажилтанд бүгдэд нь урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа гэнэ. Компанийн санхүүгийн байдал хүндэрсэн энэ үеийг даван туулахын тулд тэд цомхтгол явуулж, зарим нэг салбар дэлгүүрээ хаахаар төлөвлөжээ.
С.ЦЭЛМЭГ