Өлзийгийн галерей: Хэт реалист Вилли Вержинер

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Хэт реалист Вилли Вержинер

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ=35

ХЭТ реалист Вилли Вержинер

“Аймшгийн маягийн зургуудыг л сюрреализм гэж хэлээд байна уу? Сюрреализм гэж ер нь ямар утгатай үг юм бэ?” гэж нэг уншигч асуужээ. Сюрреалист зураачдын бүтээлүүдэд цочин сэрдхийм, эвгүйцэн жихүүцмээр гаж дүрслэл, хурц дүр олонтаа тохиолддог болохоор “аймшгийн уран зураг” гэж ойлгосон бололтой. Гэвч тийм биш ээ.

СЮР реализм гэдэг нь ХЭТ (дээд) реализм гэсэн утгатай үг. “Хэт бодитой зүйл хийсвэр харагддаг” гэсэн үзлээс сюрреализмын үзэл санаа үүсчээ. Жишээ нь, зүүд бол хүн бүхний сайн мэдэх, амьдралын нэг хэсэг болсон ертөнц. Гэвч жинхэнэ биш гэдгийг нь бид мэддэг. Айдас, зүүд, зөн, сайн муу ёр, бэлгэ совин гээд л алхам тутамд маань тохиолддог ч гарт баригддаггүй мэдрэмжүүдийг дүрслэхэд реалист арга хангалтгүй. Харин хэтийдсэн, чинад реализм хэрэгтэй. Гадаад бус, дотоод гүний реализм! Тэр бол сюрреализм юм.

Жишээ болгон, орчин үеийн нэгэн сюрреалист зураач-барималчийг танилцуулъя. Түүний бүтээлүүдэд “аймшгийн” шинж огт үгүй учраас зориуд сонголоо.

Вилли Вержинерийн үзэсгэлэнг үзэхээсээ өмнө би түүнийг эмэгтэй барималч гэж бодож явсан сан. Итали хэл мэдэхгүй болохоороо энэ нь эрэгтэй хүний нэр гэдгийг төсөөлсөнгүй. Баримлууд нь нарийн хээ, цэцгэн зураг бүхий чимэглэл ихтэй, өнгө нь хурц “эмэгтэйлэг”, гойдын мэдрэмжтэй.

1957 онд Италид төрсөн, өдгөө амьд буй гайхалтай уран барималчийн нэгэнд зүй ёсоор нэрлэгддэг тэрээр эгэл реалист дүрслэлээр абсурд санааг илэрхийлж чаддаг хүн. Модон баримал, сийлбэрийн урлаг, инсталляцийн мастер Виллигийн ихэр хүү Матиас, Кристиан хоёр ч барималч, зураач аж. Эцэг хөвгүүдийн бүтээлүүд өнгөц харахад ижилдүү ч сайн ажиглавал өөр өөрийн ертөнцтэй.

Вилли Вержинерийн баримлуудад тайлбар хэрэггүй ээ. Маш энгийн байдлаар энгийн бус санаануудыг өгүүлж, хөнгөн хэлбэрээр хүндхэн “үлгэр”-ийг хүүрнэдэг билээ, тэр! Модыг даавуу шиг харагдтал өөрчилж чаддаг шидтэй хүн дээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж