Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Хилийн бүсийн 100 орчим км-ийг хасах гэж оролдлоо“ хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжилсэн. Харин Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн “Хилийн тухай хуульд хилийн бүс хасах тухай ямар ч ойлголт байхгүй. Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн зурвас, хилийн бүс гэсэн гурван ухагдахууныг нэг болгож оруулж ирсэн. 100 км гэдэг ойлголт бол анх сайд нарын зөвлөлийн 321-р тогтоолоор бий болсон статус. Энэ статус 1993 оны хуулиас болоод одоо болтол мөрдөгдөөд явж байсан. Тэр үед хилийн бүсэд нэвтрэхдээ иргэний паспорт дээрээ байнгын оршин суугч гэсэн тамга тэмдэгтэй байна гэх мэт олон зүйл заалттай байсан учраас хил орчмын нутаг дэвсгэр гэдгээр оруулсан юм. Гэвч хэлэлцүүлгийн шатанд гишүүд бүс байх нь зүйтэй гэдэг санал гаргасан тул буцаагаад бүс гэдгээр оруулахаар шийдсэн. Гэхдээ бүсэд нэвтрэх журмыг ард иргэддээ хөнгөн, шуурхай, хүнд суртлыг арилгах тал дээр анхаарч ажиллах болно” гэж тайлбарласан юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 60 орчим саналаар санал хураалт явуулж байна.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороо дангаараа хуралдаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу “оффшорын хуулийг” хэлэлцэх ёстой юм.
Т.НОМИН