Зам тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр /2016.12.22/ хууль бус тээврээс татгалзахыг уриалж, мэдээлэл хийлээ. 2016 онд улс хоорондын тээвэр нэмэгдсэн ч хот хоорондын нийтийн тээвэр буурчээ. Оны эхний арваннэгдүгээр сард орон нутгийн замд цөөнгүй осол гарч, 334 хүн нас барсан байна. Осол гаргасан жолооч нарын дийлэнх нь хот хооронд тээвэр хийх эрхгүй, нууцаар хүн зөөдөг байжээ.
Одоогоор Монголд хууль бусаар тээвэрлэлт хийдэг нийт 3000 орчим жолооч бий гэдгийг салбарын яамнаас нь мэдээллээ. Дархан, Эрдэнэтийн чиглэлд хулгайн тээвэр илүү хөгжжээ. Зам тээврийн хөгжлийн яаманд бүртгэлтэй, албан ёсны тээврийн хэрэгслүүд олон улсын стандартаар 70 км цагийн хурдтай зорчих ёстой. Гэтэл хууль бус тээвэрчид 120-130 км цагийн хурдтай явж, хурд хэтрүүлдэг нь ослын шалтгаан болжээ.
Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/, даатгалтай байдаг. Энэ нь аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгоно гэсэн үг. Мөн хүн тээвэр хийх зөвшөөрөлтйэ автобусууд нь техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай гэлээ.
Тиймээс иргэд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс хууль бус хулгайн тээврээр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Зураглаач Н.БАТМӨНХ