Өсвөрийн боксчид дэлхийн аваргад тулалдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Өсвөрийн боксчид дэлхийн аваргад тулалдаж байна

Сонирхогчдын боксын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн өсвөрийн дэлхийн аваргад дэлхийн 52 орны 360 ширэн бээлийтэн 46, 48, 50, 52, 54, 57, 60, 63, 66, 70, 75, 80 болон +80 кг гэсэн 13 жингийн ангилалд өрсөлдөж буй. Дэлхийн аваргад тамирчдаа илгээсэн орнуудаас Армян, Австрали, Беларусь, Ирланд, Молдав, Турк, Украйн болон Узбекистан гэсэн найман орны баг бүх жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Монголын баг тамирчдын тухайд есөн жинд тамирчдаа сойж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр Монголын тамирчдаас 46 кг-ын жинд А.Доржнамжил Латвийн Дмитрис Захаровсыг 34:5 харьцаагаар, 52 кг-д Х.Тулга Туркменистаны Ихтаир Машариповыш 17:8 харьцаагаар, 54 кг-д О.Норовбал Шинэ Зеландын Люк Жефферисийг 16:4 харьцаатай, 57 кг-ын жинд Б.Ням-Осор 12:11 харьцаагаар Туркменистаны боксчин Ахмед Мейлисовыг, 60 кг-д А.Бадар-Ууган Туркийн Мехмет Атесийг тус тус ялснаар наймны нэг шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ. Харин 66 кг-ын жинд Х.Ергат Болгарын тамирчин Александр Костовт 11:7 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

Өчигдөр болсон наймны нэг шигшээ тулаанд  48 кг-ын жинд Г.Очир-Эрдэнэ Иракийн тамирчин Али Аль-Суданиг 7:5 харьцаатай ялсан бол 63 кг-ын жинд эхний тойргийн тулааныг өнжсөн О.Батзориг Иракийн Мамуун Аль-Гбуриг 12:9 харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгараад байна. Харин 52 кг-д Х.Тулга Туркийн Ченгиз Онаттай тулалдаж, 13:4 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 57 кг-д Б.Ням-Осор Пакистаны тамирчинд дийлджээ.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 46, 50, 54, 60, 66, 75 болон +80 кг-ын жингийн наймны нэг шигшээгийн тулаан болох бөгөөд эдгээр жинд Монголын тамирчдаас А.Доржнамжил /46 кг/, Х.Энхдэлгэр /50 кг/, О.Норовбал /54 кг/, А.Бадар-Ууган /60 кг/ нар дэлхийн аваргын рингэнд хүч үзнэ. 46 кг-д А.Доржнамжил Украйны боксчин Дмитро Замотаевтай, 50 кг-д Х.Энхдэлгэр мөн Украйны тамирчин Виктор Петровтой, 54 кг-д О.Норовбал Румыны Арсень Мустафатай, 60 кг-д А.Бадар-Ууган Болгарын Йосиф Пановтой тус тус тулалдана.
Боксын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж