Тэмцээний эхний өдөр Монголын тамирчдаас 46 кг-ын жинд А.Доржнамжил Латвийн Дмитрис Захаровсыг 34:5 харьцаагаар, 52 кг-д Х.Тулга Туркменистаны Ихтаир Машариповыш 17:8 харьцаагаар, 54 кг-д О.Норовбал Шинэ Зеландын Люк Жефферисийг 16:4 харьцаатай, 57 кг-ын жинд Б.Ням-Осор 12:11 харьцаагаар Туркменистаны боксчин Ахмед Мейлисовыг, 60 кг-д А.Бадар-Ууган Туркийн Мехмет Атесийг тус тус ялснаар наймны нэг шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ. Харин 66 кг-ын жинд Х.Ергат Болгарын тамирчин Александр Костовт 11:7 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
Өчигдөр болсон наймны нэг шигшээ тулаанд 48 кг-ын жинд Г.Очир-Эрдэнэ Иракийн тамирчин Али Аль-Суданиг 7:5 харьцаатай ялсан бол 63 кг-ын жинд эхний тойргийн тулааныг өнжсөн О.Батзориг Иракийн Мамуун Аль-Гбуриг 12:9 харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгараад байна. Харин 52 кг-д Х.Тулга Туркийн Ченгиз Онаттай тулалдаж, 13:4 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 57 кг-д Б.Ням-Осор Пакистаны тамирчинд дийлджээ.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 46, 50, 54, 60, 66, 75 болон +80 кг-ын жингийн наймны нэг шигшээгийн тулаан болох бөгөөд эдгээр жинд Монголын тамирчдаас А.Доржнамжил /46 кг/, Х.Энхдэлгэр /50 кг/, О.Норовбал /54 кг/, А.Бадар-Ууган /60 кг/ нар дэлхийн аваргын рингэнд хүч үзнэ. 46 кг-д А.Доржнамжил Украйны боксчин Дмитро Замотаевтай, 50 кг-д Х.Энхдэлгэр мөн Украйны тамирчин Виктор Петровтой, 54 кг-д О.Норовбал Румыны Арсень Мустафатай, 60 кг-д А.Бадар-Ууган Болгарын Йосиф Пановтой тус тус тулалдана.
Боксын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.