Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2016.12.22-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг батлах нь зүйтгэй гэж нийт гишүүдийн 86 хувь үзсэн тул хуулийн төслийг баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Улаанбаатар хотын утааны асуудлыг яах вэ. Ц.Нямдорж дарга хауст амьдардаг болохоор мэдэхгүй байж магадгүй. Утааны асуудал хүнд байна” гэлээ. Түүний хариуд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “О.Баасанхүү хэлэлцэж байгаа асуудлаас өөр юм яриад байна. Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна” гэдгийг сануулсан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Занданшатар мөн адил хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл асуусан тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж түүнийг шүүмжлэв. Тэрбээр “Г.Занданшатар гишүүн хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл яриад байх юм. Зэрэгцээд сууж  байгаа О.Баасанхүүгийн халдварыг авсан байна” гэв. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталлаа. Энэ хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж нийт гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм.


“Эмнэлэг согтуучуудыг саатуулах газар биш” гэдэгт санал нэгдэв

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбоотой дөрвөн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хороо гаргасан юм. Тодруулбал, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм.

Дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг Байнгын хорооноос гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Ингээд хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны горимын саналыг гишүүд дэмжиж, дээрх дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа.

Хуралдааны явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль бүх нийтэд үйлчлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд тодорхой хэмжээгээр арга хэмжээ авна гэж би ойлгож байна. Гэр бүлээ хүчирхийлсэн этгээд давтан хүчирхийлэл үйлдвэл ямар арга хэмжээ авах вэ. Хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртсөн хоёр хүнийг уулзуулахгүй байх заалт бий. Тэгвэл уулзуулахгүй байх, хохирогчийг хамгаалах хяналтаа хэрхэн тавих вэ. Нэгэнт Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй болчихсон хүнийг захиргааны шугамаар албадан эмчлэх тухай хууль хэлэлцэж байгаа юм бол Эрүүлжүүлэх байрыг шийдээд өгөх боломж байгаа юу.  Ханиад томуу ихтэй эмнэлгийг ор олдохгүй байхад согтуу хөлчүү хүмүүс нь  саад болоод байна.  

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:

-Эрүүлжүүлэх байрны хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтраад хуулийн нэмэлт өөрчлөлт хэлбэрээр асуудлаа Засгийн газарт оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Эрүүлжүүлэх байрны асуудлыг шийдэх гэж яасан уддаг юм бэ? Та нарыг шийдэх гэсээр байтал согтуу хүмүүсээр эмнэлэг дүүрээд, хүүхдүүд коридорт хэвтэж байна. Ганцхан асуудал шийдэхийн тулд яасан хүнд сурталтай юм бэ?

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Эрүүжлүүлэх байрны асуудлыг бид өмнө нь ярилцсан. Одоо Засгийн газар шийдээд оруулаад ирж байгаа юм байна лээ. О.Баасанхүү гишүүн  ганцхан юм сонсчихоод оноо авах гээд яваад байх юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-Эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгох асуудлыг танай Н.Удвал гэж хүн шийдсэн юм байна лээ. УИХ-ын гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбоотой зүйл ярих ёстой. Дэгийн хуульд тодорхой заасан байдаг. О.Баасанхүү гишүүн мэдсээр байж яагаад ингээд байдгийг ойлгохгүй байна.

УИХ-ын гишүүн Оюунчимэг:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дээр зөвхөн эмэгтэй гишүүд ажиллаж буй мэт ярьж болохгүй ээ,  О.Баасанхүү гишүүн ээ.  Та өөрөө Байнгын хорооны хурал дээр нэг ч суугаагүй байж чуулганы танхимд орж ирээд эмэгтэй гишүүд рүү дайраад байх юм. Таны үйлдэл хүчирхийллийн нэг хэлбэр юм шүү. Бид энэ хуулийн төслийг батлуулахын төлөө маш их ажилласан.

УИХ-ын гишүүн Нямдорж:

-О.Баасанхүү гишүүнээ! Өмнө нь танай намынхан нэг эмнэлгийг оффис болгож, үлдсэн эмнэлгийг нь эрүүлжүүлэх байр болгосон. Тэгчихээд одоо юу яриад байгаа юм. Засгийн газар эрүүлжүүлэх байрны асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэж тайлбарлаад байхад дахин дахин яриад байх юм.

Ийнхүү дээрх дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Харин яг одоо Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж