УИХ-ын чуулган өнөөдөр товлосон цагтаа эхэлж, төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж эхлээд байна. Өнөөдрийн чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэх юм.
Хэлэлцэх асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудлаар зарим гишүүдээс асуулт асууж хариулт авяч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материал манай бүлэг дээр ирээгүй. Ямар, ямар аж ахуй нэгж зээл аваад, зээлээ төлөхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг мэдмээр байна. Үнийг мэдээгүй байж асуудлаа хэлэлцэх гээд байх юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн 1 дүгээр заалт нь Засгийн газар, Хөгжлийн банк хоёрын өглөг, авлагын асуудал байгаа юм. Нэгэнт илдсэн уусан зүйлээ ярьж байгаа юм бол гаргасан зээлийн мэдээллээ дэлгэрэнгүй гаргаж байгаад ярих хэрэгтэй. Ний нуугүй бүх мэдээллээ гаргаж байгаад хэн идсэн ууснаа ярилцая. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хойшлуулж, манай бүлэг судлах хугацаа хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэхгүй бол болохгүй. Үүнийг хаалттай хэлэлцэж тодорхой мэдээлэл авмаар байна. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 14 хувийг чанаргүй зээл, 70 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. Тиймээс Хөгжлийн банкнаас гарсан зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ардчилсан намын бүлэгт өгөөд, асуудлаа үдээс хойш хэлэлцээд явбал ямар вэ?
Ийнхүү Хөгжлийн банкны асуудлаар нэлээд маргааш үүссэний эцэст УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоо чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хилийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд байж байя. Тэр хооронд Ардчилсан нам Хөгжлийн банкны шалгалтын материалыг аваад, бүлгээ хуралдуулаад ороод ир. Ардчилсан намын бүлэгт Хөгжлийн банкны асуудлаар үдээс хойш хүртэл завсарлага өгч байна” гэлээ.
Яг одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүд тал бүрээс нь хэлэлцэж байна.
Т.ДАВААНЯМ