Зуухаа солиогүй айлыг албадаж нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Зуухаа солиогүй айлыг албадаж нүүлгэнэ

Нийслэлийн нэг сая 700 гаруй мянган иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлэхийн тулд  сая утаагүй зуух аваагүй айл өрхийг албадан нүүлгэх шийдвэр гаргажээ. Үүнд хяналт тавихын тулд  утааны байцаагч  нарыг дүүрэг хороо бүрт ажиллуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар батлан хэрэгжүүлж буй Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.

Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хамгийн хөндүүр сэдвийн нэг болсон агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган зуухыг олон улсын стандартад нийцсэн бүрэн шаталттай утаагүй зуухаар сольж эхэлжээ. Гэвч Чингэлтэй дүүргийн зургаан хорооноос эхэлсэн энэ кампанит ажил 20 гаруйхан хувьтай байгаа аж. Ирэх наймдугаар сараас Чингэлтэй, Сүхбаатар, есдүгээр сараас Баянгол, аравдугаар сараас Сонгинохайрхан, Баянзүрх  дүүрэг гэсэн графикийн дагуу өрнөж  намрын сүүл сар гэхэд нийслэлийн хязгаарлалтын бүс дэх гэр хорооллынхныг утаагүй зуухтай болгохоор БОАЖЯ, Цэвэр агаар сан болон нийслэлийн удирдлагууд төлөвлөөд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд оршин суугч айл өрх бүрт Цэвэр агаар төслийн хүрээнд хэрэгжүүлж буй утаагүй зуухыг 70 хувийн хөнгөлттэй үнээр худалдаж эхэлсэн аж. Энэ зуухаар хязгаарлалтын бүс дэх гэр хорооллынхныг хангаснаар агаарын бохирдлын хэмжээ хамгийн багаар бодоход 50 хувиар бүрмөсөн буурах юм байна. Халаах хүчин чадал, ширэмнийхээ тооноос хамаарч 275-320 мянган төгрөгийн үнэтэй энэ шинэ зуухны 70 хувийг төр дааж,  иргэнд 30 хувийг нь буюу 74300-96000 төгрөгийг банкны зээл, Хүний хөгжлийн мөнгөө барьцаалан зээлээр худалдан авах боломж олгож байгаа юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж