УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хуралдааны үеэр,
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Л.Болд гишүүнд хандаж хэлмээр байна. Та бүхэн хилийн шалган нэвтрүүлэхийг хоёр хуваасан. Ингэж болохгүй шүү. Хилийн цэрэг мөрөөрөө ажиллаж байхад хоёр хувааж, гурван жил тоглосон. Үүнээс үүдэж цэргийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн ажилласна жил тасарсан нь ч бий. Тэр тасарсан он жилийг яаж шийдэх юм бэ. Бүх отряд сумын төв бараадаж амьдардаг. Гэтэл Сулин хээрийн отряд бол сумын төвөөс 70 км зайтай байдаг. Тиймээс энэ отрядыг нүүлгэж, оронд нь сумын төв болгох гээд байгаа юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
-Гадаадын иргэн, харьяатын газарт шилжиж очсон 400 орчим хүний цэргийн байгууллагад ажилласан он жил тасарсан гэдэг их чухал асуудлыг Б.Дэлгэрсайхан гишүүд хөндлөө. Үүнд ажлын хэсэг хариулт өг хэмээн шаардав. Шаардлагын дагуу Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн хэлэхдээ:
-Хил хамгаалах байгууллагаас иргэний харьяатад шилжсэн 400 орчим хүн байдаг. Энэ хүмүүс хилийн цэрэгт шилжиж ирэхээр болвол хийж байгаа ажил өөрчлөгдөхгүй. Тухайн ажлаа хийнэ. Цэргийн алба тасарсан гэдэг дээр дөрвөн жил орчим цэргийн алба хаасан хугацаа тасалдсан. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр буцаад ирэх юм бол цэргийн цолыг нь сэргээж өгөх эрх зүйн үндэслэлтэй. Шилжсэн иргэдийн дунд хилийн цэргийн дээд сургууль, хилийн цэргийн шалган нэвтрүүлэхээр төгссөн офицерууд байсан юм. Асуудлыг шийдэж болно гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Гишүүдэд мэдээлэл өгмөөр байна. Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг гадаадын иргэн харьяатад очоод олон улсын стандартад нийцсэн юм. Гадаадын иргэн хилээр ороод ирэхэд цэргийн хувцастай хүн шалгаад байхаар цэргийн дэглэмт улсад ирж байна гэдэг ойлголт төрнө. Түүнээс гадна визны хугацаа хэтэрсэн хүмүүсийг гаргах ажиллагаа идэхжсэн юм. Хилийн цэргээс 400 гаруй албан хаагч иргэний харьяат дээр ирсэн. Тэр хүмүүс ажлаа сайн хийж байгаа. Харин ч сургалтанд хамрагдаж, ажил нь сайжирсан. Хоёр байгууллагын амбиц яваад байна. Ялангуяа хилийн цэргийн амбиц хэтэрхий дийлээд байна.
Ингээд асуух асуулттай гишүүн дууссан тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Т.НОМИН