Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэнэ. Түүхт өдөртэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр /2016.12.22/ “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Судлаачид Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хамгаалж, бэхжүүлэхийн тулд язгуур эрх ашигтаа анхаарал хандуулах цаг болсон гэдэг асуудлыг хөндөж байна. Тухайлбал, түүхч Д.Өлзийбаяр “Монголчуудын оюун санааны нэгдмэл байдал алдагдаж байна” гэлээ. Энэ нь шашны олон урсгал орж ирж, хүүхэд, залуучууд олноор шүтэх болсноор илэрч буй аж. Түүний тайлбарласнаар 1911 онд өрнөсөн үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн амжилтад хүрсэн нэг том хөдөлгөгч хүч нь буддын шашны нөлөө хүчтэй байсантай холбоотой. Хэрвээ одоо тусгаар тогтнолын асуудал үүсвэл буддын шашнаар дамжуулан ард түмнийг нэг үзэл санаан дор нэгтгэх боломжгүй байна. Учир нь монголчууд шашны олон урсгалыг шүтэх болсон. Үндэстэн олон шашин шүтээд ирэхээр оюун санааны нэгдэл үүсдэггүй. Тэр дундаа шашны ягшмал үзэл хүний тархи толгойд суугаад хэсэг бүлэг хүний санаа бодлыг илэрхийлдэг болчихоор дуусахгүй хямралыг бий болгодог байна.
Үүний тод жишээ нь, лалын шашинтнуудын хийж байгаа үйлдэл аж. Европыг тэр чигээр нь үймүүлэх болсон. Харгислал, хялдлага энэ бүхнийгээ зөвхөн шашныхаа далбаан дор хийдэг. Иймээс одооноос энэ аюулыг олж харж, улсын хэмжээнд хэчнээн сүм хийд байна, шашны хэчнээн урсгал орж ирэв, хэчнээн хүн аль шашин шүтэж байна вэ гэдэгт төр анхаарлаа хандуулах цаг нь болжээ.
Үндэстний эрүүл мэндэд анхаарах цаг иржээ
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн хөндсөн асуудал нь үндэстнийхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах тухай байв. Жишээ татвал, жил бүр улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахад тодорхой тооны залуус эрүүл мэндийн хувьд тэнцдэггүй. Эрүүл мэндийн хувьд тэнцдэггүй учраас цэргийн албанаас чөлөөлдөг. Гэхдээ тэднийг эрүүл мэндийн хувьд тэнцсэнгүй гээд орхих биш эмчилгээнд хамруулж, эрүүл болгох шаардлагатай. Цаашлаад цэцэрлэгийн наснаас нь эхлээд үндэстнээ яаж эрүүл байлгаж, цэргийн насанд хүргэх вэ гэх мэт олон асуудалд одооноос эхлээд төр анхаарахгүй бол аюулгүй байдлын бас нэгэн баталгаа орхигдож байгааг анхаарууллаа.
Монголын ирээдүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, түүхийн магистр О.Чулуунбилэг “ХХ зууны монголын геополетикийн орчин: морины нүүдэл” сэдвээр илтгэл тавилаа. Хорьдугаар зууны Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнг илүүтэй тодорхойлсон зүйл нь газар зүйн байршилд байсан гэнэ. Монгол газар зүйн байршлын хувьд хоёр их гүрний дунд оршдог. Монголоос урагш Бээжин лүү, хойшоо Сибир уруу нэвтрэхэд хялбар байгалийн тогтоцтой учир хоёр их гүрэн тэнцвэрийн байдлаар монголчуудын тусгаар тогтнолын тэмцлийг зөвхөн ар монголын хүрээнд хүлээн зөвшөөрсөн аж. Мөн түүнийхээр Азийн улс төр эдийн засгийн тэнцвэр Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгис, Хоккайда, Курилын арал зэрэг тэнгисийн бүст оршдог. Энэ бүст аль улсын төрийн дэглэм ирээдүйд ноёрхохоос шалтгаалж Монголын асуудал ихээхэн хамаарна” гэсэн асуудал хөндлөө.
Монгол Улс идэвхитэй гадаад харилцаа хэрэгжүүлэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Монгол Улс идэвхитэй гадаад харилцаа хэрэгжүүлэх шаардлага байгаа тухай хөндлөө. Энэ ч үүднээс холбогдох хуулиудыг шинэчлэн батлуулсан байна. Тухайлбал, Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдэн батлагдсан нь цаг үеийн шаардлагад нийцүүлэх, нөгөө талдаа гадаад ертөнц рүү идэвхитэй үйл ажиллагаа явуулахтай холбогджээ.
Гадаад ертөнц рүү идэвхитэй үйл ажиллагаа явуулснаар Монгол Улсыг мэдэх, хүндлэх, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа гадаад ертөнцөд түгнэ. Энэ ч Монгол Улс жил бүр энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг дайчдаа илгээсээр иржээ. Мөн энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор Монгол Улсыг НҮБ болон бусад улс орнууд цэрэг идэвхитэй хандивлагч, энх тайвны төлөө үйл хэрэгт хамтрагч гэж хардаг. Нөгөө талдаа монголын цэрэг дайчид илүү чадвар туршлага суудаг. Цэрэг техникийн хувьд ч улам бэхждэг.
Хоёрдугаарт, бидний анхаарах ёстой асуудал нь дотоодын эв нэгдэл, ойлголцол, улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа аж. Мөн зорьж хийх ажил нь эдийн засгийн өсөлтийг хангах явдал. Дотоод эдийн засаг хүчтэй, ард түмэн чинээлэг бол улсын аюулгүй байдал хангагдана гэсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд хурлаас гарах арга зүйн зөвлөмжийн төслийг хэлэлцсэн юм.
Зөвлөмжид Монголчуудын түүхийн урт хугацааны туршид тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн болон алдаж онож байсан түүхэн сургамжид дүгнэлт хийж, эв нэгдэл, эв эеийг эрхэмлэх залгамж чанарыг хадгалж байсан бодлогыг баримтлах. Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний тухай багц хуулиудыг дагалдан гарах бусад хууль, журам, заавар, дүрмүүдийг шуурхай гаргаж баталгаажуулж мөрдөх. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын орчинг олон улсын ба бүс нутгийн цэрэг, улс төр, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан бэхжүүлэх бодлогыг барих зэрэг хэд хэдэн асуудлуудыг тусгахаар болов.