“Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix) тогтоож байхаар болов” гэж веб хуудсаараа мэдэгдсэн.
Өмнө нь Төв банк алт худалдан авахдаа Лондонд зарлагдсан үнээс 2 ам.доллар хасч үнийг тогтоодог байжээ. Энэхүү 2 доллар нь цэвэршүүлэлтийн зардал, захиргааны зардал гэх мэтийн зардал болдог байсан байна.
Уул нь Монгол алт тушаах нөхцөл харьцангуй сайтай орнуудын тоонд ордог. Одоогоор Монгол Улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нь 2.5% байгаа нь дэлхийн бусад орнуудын түвшинтэй харьцуулахад бага үзүүлэлт юм. Тухайлбал, хөрш орнуудын АМНАТ нь ОХУ-д 6%, БНХАУ-д 4% байдаг байна.
Тэгвэл Монголбанк цаашид худалдан авах алтны үнэндээ үйл ажиллагааны зардлаа шингээхгүй болсноор алт тушаагч иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд илүү өндөр үнээр алтаа зарах таатай боломж бүрдэхээр байна.
Энэхүү шийдвэр нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлж, валютын нөөцийг дэмжих эерэг үр дүнг авчрах хүлээлттэй байна.
Энэ онд Монголбанкинд 17.7 тонн алт тушаагдаад байгаа нь түүхэн дээд хэмжээ бөгөөд Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болж буй. 2016 онд тушаагдсан алтны хэмжээ нь ойролцоогоор 700 сая орчим ам.доллар болоод байгаа юм байна.