Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-36
…Эзэн сууж, ил далдаас удирддаг гүрэн л хэлээ шахдаггүйг бид өөрсдөө харуулсан. Манжийн дарангуйлалд хоёр зуу гаруй жил байхдаа эх хэлээ мартах нь байтугай “эзэн” манж нар монгол бичигт үндэслэн үсэг, бичгээ зохиосон бахархам түүх биднийх. Бид болохгүй бүхнээ далан зургааруу чихчихдэг муухай зантай. Далан зургаа Монгол хэлний хуулиа батлаад хийх юмаа хийчихсэн. Одоо эх сайхан хэлээ мохоохгүйн тулд хэн хүнгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэх л үлдсэн. Хэн яаж зүтгэх вэ?…
Эрдэмтэд нь ширээ тойрон суугаад, үзэл онолоо ярилцаад, ард олноо төөрүүлэлгүй адилхан бичдэг болмоор байна.
Багш нар нь залхуу хүргэсэн онолын оронд язгуур, дагавар, үг, өгүүлбэрийн утга, хэлний хэрэглээ, соёлыг заамаар байна.
Ард түмэн нь айлаас эрэлгүй, авдран дахь монгол үгээрээ ярьж, бичдэг болчихмоор байна. Бас эрдэмтдийнхээ үгэнд орж буруу дадлаасаа салчихмаар байна.
Бизнес хийдэг, бэл бэнчинтэй хүмүүс нь бараа бүтээгдэхүүнээ бэлгэтэй сайхан монгол үгээр нэрлэчихмээр байна.
Төрөө түшдэг, түмнээ баярлуулдаг, улс төр, урлагийн одууд гадаад хэлээрээ гайхуулж, гангарч дэгжирхэлгүй олондоо ойлгомжтой, оносон монгол үгээр яримаар байна.
Телевиз, радио, сонин сэтгүүл нь эх хэлнийхээ элдэв учрыг ойлгоод, монгол үгтэй монгол өгүүлбэрээр ярьж, бичиж үлгэр дуурайл болмоор байна.
Хэвлэлийн үйлдвэрүүдээс эхлээд хэн хүнгүй толь бичиг хэрэглээд сурчихмаар байна.
Чухам ингэж чадвал эх хэл минь эрч хүчтэй, элбэг баян, эрүүл саруул, урт насална шүү!
Болно болно, болохгүй юм байхгүй!