Монголын улс төрд голлох байр суурь эзэлдэг Ардчилсан намын даргын сонгууль өнгөрсөн даваа гаригаас албан ёсоор эхэлсэн. Тодруулбал, намын даргын сонгуулийн сурталчилгаа 2016 оны энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны нэг дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулахаар төлөвлөжээ. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.
Ардчилсан намын даргын сунгаанд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, С.Эрдэнэ нарын таван хүн өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймагт ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.
Ардчилсан намын даргын сонгуульд 1200 төгрөгөө намынхаа дансанд тушаасан гишүүдийг оролцуулахаар болсон. Тиймээс шинэ даргын сонгуулийн санал хураалтаас өмнө намынхаа гишүүдийг шинэчлэн бүртгэх ажлыг орон даяар явуулж байгаа юм.
Ардчилсан нам нийтдээ 180 мянган гишүүнтэй гэгддэг. Тиймээс хуучин үнэмлэхтэй гишүүдээ шинэчлэн бүртгэж байсан бол шинээр тус намд элсэх хүсэлтэй мөн үнэмлэхээ хаяж үргэдүүлсэн хүмүүсийг бүртгэхийг тус намын дарга З.Энхболд үүрэг болгосон байна. Энэ талаар тус намын Хэрэг эрхлэх газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Шинэчилсэн бүртгэл 2017 оны нэгдүгээр сарын 7 хүртэл явагдаж аж. Орон даяар хүйтний эрч нэмэгдэж, цас зуд нүүрлэснээс болоод хөдөө орон нутгийн Ардчилсан намынхан шинэчилсэн бүртгэлдээ тэр бүр хамрагдаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс бүртгэлийн хугацааг уртасгахаар болжээ.
Нөгөө талаар Ардчилсан намд элсэх хүсэлтэй хүмүүсийг шинэчилсэн бүртгэл хамруулж, намын даргын сонгуульд оролцуулах гэсэн нь шинэ даргын сонгуульд олон хүн хамруулах гэсэн зорилготой гэнэ.
Шинэчилсэн бүртгэлд хамрагдах хүмүүс
Иргэний үнэмлэх дээр байгаа хаягийн дагуу харъяаллынхаа намын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх
Бүртгүүлэхдээ 2016 оны бүтэн жилийн татвар болох 1200 төгрөгийг төлсөн баримтаа авчрах
Иргэний үнэмлэх, 4х3 хэмжээтэй хоёр хувь цээж зурагтайгаа ирэх юм байна.
Ингээд Ардчилсан намын даргын сонгуульд санал өгч, шинэчлэлд оролцох хэн бүхэнд нээлттэнй болж байгаагаа тус нам зарлаж буй юм. Хэрэв Ардчилсан намын даргын сонгуульд оролцмоор байгаа бол харъяа дүүргийн Ардчилсан намын анхан шатны байгууллагад очиж бүртгүүлж, намын батлахаа авахаас гадна 1200 төгрөгөө тушааснаар саналын эрхтэй гишүүн болох юм байна.
Б.БАТ