Энэ жил ойрын 100 жилд тохиож байгаагүй их хүйтэн болж, олон жилийн дунджаас их цас орно хэмээн мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Тэгвэл улирлын эхээр арваннэгдүгээр сарын 9-нөөс эхлэн ихэнх нутгаар цочир хүйтэрч, их хэмжээний цас орж, монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон гэсэн мэдээ бий. Үүнээс Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын нутгаар 4-7 хоног үргэлжилэн орсон их цасны улмаас 100 хувь цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй, цагаан зудтай байгаа 110 сумын тоонд орсон. Тэгвэл энэ сарын 20-нд Ховд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн дээрх гурван сумын нутгаар явж, малчны хотонд ажиллан тэдний санал бодлыг сонсон, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдлээ. Одоогоор цасны зузаан 20 см-ээс дээш, гуу жалгатай газраа 60 см хүрч хунгарласан байдалтай байна. Аймгийн Засаг дарга энэ үеэр эрсэлдтэй бүсэд амьдарч байгаа малчдад туслах үүднээс 3 суманд 700-800 прес өвс болон баг бүрт цас зудны үед хэрэглэх 1 сая төгрөгийн мөнгөн хандив өгч, эмнэлэгийн тусламж үйчилгээг газар дээр нь үзүүлэв.
Эдгээр гурван сумаас Булган сум хамгийн их цастай байгаа бөгөөд нийт нутгаар 50-60 см-ын зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Тус сум нь газар нутаг томтой хамгийн их хүн амтай сум учраас 890 орчим малчин өрхтэй, энэ жил 241 мянган толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа. Тэгвэл Булган сумын Баянгол, Алагтолгой, Байтаг, Баянсудал багийн 333 өрхийн 97 мянган толгой мал зудын эрсдэлтэй бүсэд байсныг аймгийн Онцгой комисс болон сум орон нутгийн иргэдийн хүчээр зарим малчдыг цас багатай бүсэд шилжүүлэн нүүлгэсэн. Одоогийн байдлаар 205 малчин өрхийн 69 мянган толгой мал зудын эрсдэлтэй бүсэд байна.
Малчид цасны нимгэн, бэлчээрийн байдлыг түшиглэн зэргэлдээх сумдруу отор нүүдэл хийж байгаа ч цас нэмж орвол байдал улам хүндэрнэ гэсэн айдастай байгаа юм. Одоогийн байдлаар цаг агаар тогтуун, цас нэмж ороогүй учир цагийн байдлыг харгалзаж, өвлийг хохирол багатай давна хэмээн малчид хэлж байна. Малчдын өөр нэг санаа зовниж байгаа асуудал бол усны хачир юм. Цаг агаар тогтуун хүйтний эрч хараахан чангараагүй байгаа энэ үед Булган голын ус хальж, хачир гүйсний улмаас Алагтолгой багийн 50 орчим айлын өвөлжөө усанд автах эрсдэлтэй байна.
Ийнхүү зудын эрсдэлд орж, өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн Засаг дарга биечлэн ажиллаж, газар дээрх нөхцөл байдалтай танилцан,тусламж үзүүлсэнд малчид ард иргэд талархан хүлээж авсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог өвөлжилт хүндэрсэн дээрх сумдын малчдад боломжтой бүх л талаар тусалж дэмжин урин цагтай золгохын төлөө ажиллахаа илэрхийллээ.
эх сурвалж: khovd.gov.mn