“Монголын нууц товчоо”-ны анхны эхийг голлон эх сурвалжлаа болгосон, 250 орчим бүтээлийг багтаасан “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо”, Монголын түүхийн тулгуур үйл явдал, түүхэн хүмүүс, түүхэн газар нутаг, засаг захиргааны хамааралтай нэр томъёог шинжлэх ухааны судалгаанд үндэслэн бүтээсэн “Монголын түүхийн цахим дэлгэрэнгүй” толь бүтээлүүдийн нээлт өнөөдөр /2016.12.25/ Үндэсний төв номын санд болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биечлэн оролцлоо.
Эдгээр бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сангийн эрдэмтэн багш, судлаачид хамтран бүтээсэн байна.
“Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”
Уг бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ы судалгааг шинэ шатанд гаргахад судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох аж.
Мөн “Монголын нууц товчоо” дэлхий дахинаа түгэн тархсаныг батлан харуулах бодит баримтын цоморлог ч гэж тодорхойлж болно. Тус цоморлогт “Монголын нууц товчоо”-ны судалгааны бүтээл, орчуулга хөрвүүлэг, хялбаршуулсан номыг давхардуулахгүйгээр оруулжээ. Ялангуяа гадаадад хэвлэгдсэн бүтээлийг бүрэн хамруулахыг чухалчилсан байна.
Номын тайлбарыг кирил, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, зарим бүтээлийн галиг, хөрвүүлэг, орчуулгын онцлогийг тодорхой харуулах үүднээс “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлийг үлгэр болгон хавсаргажээ. Түүнчлэн уг сурвалж бичгийн холбогдолтой марк, тэмдгийг шигтгэн оруулсан юм байна.
Төслийн удирдагчаар ажилласан, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар бүтээлийнхээ ач холбогдлын тухай “Монголчуудын оюун санааны том ноён оргил болсон”Монголын нууц товчоо” бүтээл дэлхийд хэрхэн тархаж вэ гэдгийг бодит байдалд дээр нь харуулахыг зорилоо. Нөгөө талаасаа энэ олон бүтээл гарсныг судлаачид хүргэснээр “Монголын нууц товчоо” судлал өргөжинө гэж харж байна.
Гурав дахь том ач холбогдол нь “Монголын нууц товчоо” шиг дэлхийд тархсан оюун санааны бүтээл туурвилтай гэдгээ олон нийтэд сурталчлах. цаашдаа олон, олон бүтээл монголчуудаар овоглож, дэлхийн оюун санааны ертөнцөд дархлагдах эх сурвалж болно” гэлээ.
“Монголын нууц товчоо” зохиол нь эдүгээ азербайжан, алтай, англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулагдаж, эл сурвалж таван тивд түгэн тархжээ. Харин одоо вьетнам, румын хэлээр орчуулагдаж байгаа аж.
“Монголын түүхийн цахим тайлбар толь”
Энэхүү бүтээлд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх 800 мянган жилийн Монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтэнүүд, түүхийн үйл явдал, үйл явцыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын үндсэн суурь судалгаанд үндэслэн, олон хэлний сурвалж эх хэрэглэгдэхүүн, архивын баримт, аман түүхийн мэдээлэл ашиглаж шинжлэх ухааны судалгааг үндэслэн үнэн зөв ойлголт өгөх, эх түүхийн мэдлэгийг өргөжүүлэх, түүхийн судалгааг өргөн олонд хүртээмжтэй байлгах үүднээс хийгдсэн байна. Түүхийн судалгааны хамгийн сүүлийн үеийн болон хамгийн бодитой судалсан эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн бүтээл аж. Түүнээс гадна Монголын түүхийн аливаа асуудлыг судлахад монголын байр суурь, монголын судалгааны чиг хандлагыг зөв харахад томоохон түлхэц өгөх бүтээл юм байна.
Эхний удаад нийт 999 толгой үгийг багтаасан бөгөөд урьд өмнө ийм том хэмжээний Монголын түүхийн толь бичиг гарч байгаагүй. Уг толь нь анх удаагаа орчин үеийн монгол үсгээс гадна хуучин монгол бичиг, аудио хэлбэрээр хийгджээ.
Түүхий тольд нийтдээ 2000 гаруй гэрэл зураг, түүхийн баримт, эх сурвалжийг багтааж, 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших эх сурвалж, ном, өгүүллийн нэрсийг мөн оруулжээ. Уг төсөл нь Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэнд түшиглэн тасралтгүй үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 5000 толгой үгийг бүтээхээр зорьж байна.
Төслийн удирдагчаар ажилласан Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун “ Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн онцлог нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч орноос тус толийн толгой үгийг бүтээх боломжтой. Ингэснээр хүн бүр эх түүхээ бүтээхэд хувь нэмрээ оруулах, эцэг өвгөдөөс мэдсэн мэдлэгээ үлдээх боломж бүрэн нээлттэй болж байгаа юм” гэж онцоллоо.
Энэхүү бүтээлийн цахим хувилбартай танилцахыг хүсвэл https://mongoltoli.mn цахим хаягаар нэвтрээрэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид өвөг дээдсийнхээ бүтээсэн гайхамшигт өв соёлоос суралцаад, бага ч болов хэмжээгээр хувь нэмэр оруулаад явбал Монгол Улсын бие даасан байдал улам баталгаажина. Эдийн засаг хүнд байна, төсөв хүнд байна гэж их ярьдаг. Сэтгэл байх юм бол түүнийг тээж байгаа хүмүүс нь байх юм бол ажил хийж болохын жишээ энэ юм” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн, эх хэл, соёл, түүхийн чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга; хэрэгжлүүлсэн төсөл, хөтөлбөр:
Олон улсын монголч эрдэмтний X, XI их хурлыг дэмжин холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан.
"Монгол судлалыг дэмжих сан" байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн.
"Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" зарлиг гаргасан.
Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтсон.
Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтдийн эрхэлсэн Монголын түүхийн цуврал зохиол: ” А.Амарын "Монголын товч түүх" тэргүүтэй “Монгол эх түүх” 7 ботийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын “Монгол хэлний их тайлбар толь” төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачдын, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
Рашид-Ад-Диний “Шаштирын чуулган” бүтээлийг монгол хэлээр орчуулан гаргах ажлыг дэмжиж ажилласан.
Хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан. Уран дархны урлагийг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайханы "Хүлэгү хаанаас Абу Са'ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд" нэг сэдэвт бүтээл; "Ил-хаадын судлал: Шинэ хандлага" судалгааны эмхэтгэл; "Ил хаадын судлал: Шинэ хандлага" баримтат киног бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн хүү, туульч А.Балдандорж, нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, цуурч Б.Наранбат нарын монгол тууль, цуурын уламжлалыг үргэжлүүлж буй хичээл зүтгэлийг дэмжиж, үндэсний соёлын өвийг дэлгэрүүлэх зорилгоор “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлсэн.
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Эх хэл, түүх, соёлоо судлах хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гаргасан.
Г.ДАРЬ