Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Тусгаар тогтнол ба Гадаад бодлого” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2016.12.23/ зохион байгууллаа. Тус хуралд гадаад харилцаа, түүхийн салбарын эрдэмтэд оролцож, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Богд хаант Монгол Улсын үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэлхий хүлээн зөвшөөрсөн ч, эдийн засгаараа бусдын хараанд байгаа нь нууц биш. Бид 105 жилийн өмнөөс буюу 1911 оноос одоог хүртэл тусгаар тогтносон улс гэдгээ хоёр хөрш болоод бусад улсуудад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой явж ирсэн. Гэхдээ цаашид даяаршлал, технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, гадаад бодлоготоо тэгш, нээлттэй харилцааны зарчмыг орхигдуулахгүй байх ёстой болжээ. Тухайлбал, “төрийн нэгдсэн тогтвортой бодлоготой байж, үйлчилгээгээ нэгдсэн цонхоор явуулдаг болох, УИХ, Засгийн газраас баталсан бодлого, шийдвэр нь уялдаа холбоотой байж, улс төр, эдийн засаг дахь дотоодын зөрчилдөөнөө зогсоох шаардлагатай”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тайлбарлалаа. Тэрбээр, улс доторх зөрчилдөөн гадаад бодлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг онцолсон юм. Харин хөрш орнуудынхаа гадаад бодлогыг сайтар ажиглаж, гуравдагч хөрштэйгөө харьцах харилцаагаа илүү бодитой болгох саналыг Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат дэвшүүлэв.
Монгол Улсын гадаад бодлого нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бичиг баримтад үндэслэж боловсрогджээ. Энэ нь дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн үг. Мөн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа улам бататгах зорилготой. Гэхдээ дайн, зэвсэгт мөргөлдөөн, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг хүн төрөлхтөн рүү чиглэсэн аюул нэмэгдсээр байгааг үргэлж санаж, үүний эсрэг боловсруулсан улс орнуудын бодлогыг дэмжих ёстойгоо мартаж болохгүйг эрдэмтэд хэллээ.
“Монголын тусгаар тогтнол ба XX зууны эхэн үеийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал” илтгэлийг МУИС-ийн багш, түүхийн ухааны доктор Г.Төмөрчулуун энэ үеэр танилцуулсан. Тэрбээр “1911 онд дэлхий нийтэд аливаа улс орон тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд нэн тэргүүнд хөрш орнуудаараа хүлээн зөвшөөрүүлэх уламжлал тогтсон байсан. 1912 оны аравдугаар сард Хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулсан. Энэхүү гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зүгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгүй байхад нь туслах үүрэг хүлээжээ. Улмаар 1945 онд ЗХУ-ын зүгээс БНХАУ-д Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх шаардлагыг Хятадын талд тавьсныг хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалахын тулд ихээхэн бартаатай замыг туулсан. Ирээдүйд тусгаар тогтнолоо тууштай хамгаалахын тулд Монгол үндэстэн эв нэгдэлтэй байх хэрэгтэй” гэдгийг илтгэлдээ хөндсөн юм.
Зураглаач Н.БАТМӨНХ