Мексикт 1000 гаруй хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Мексикт 1000 гаруй хүнийг баривчилжээ

Олон улсад хүний наймаа ид газар авч буй энэ үед Мексик улс энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахаар дорвитой арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Энэ хүрээнд Мексикийн Холбооны цагдаагийн газар өнгөрсөн амралтын өдрүүдээр Сиудад Жуарез хотод 1,000 гаруй хүнийг сэжигтнээр татаж баривчилсан байна.

Холбооны цагдаагийн газар 20 гаруй шөнийн цэнгээний газар, зочид буудал, түрээсийн байрнуудад нэгжлэг, мөрдлөг явуулсны дүнд 500 эрэгтэй, 530 эмэгтэйг хүний наймаа, секс зуучлалд холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. Түүнчлэн мөрдлөгийн үеэр 20 орчим эмэгтэйг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, аварсан байна. Өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө есөн цаг үргэлжилсэн урьдчилсан зохион байгуулалттай ажиллагаанд цагдаагийн 300 гаруй албан хаагч оролцжээ.

Долдугаар сарын эхээр Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдерон хүний наймааг бууруулахын тулд үндсэн хуульдаа хэд хэдэн өөрчлөлт оруулсны дотор хүний наймаанд сэжиглэгдсэн этгээдийн хэргийг шүүн таслах хүртэл шоронд хорих мөн гэмт хэргийн золиос болсон иргэдийг хамгаалж, нууцыг чанадлан хадгалах зэрэг заалтуудыг нэмж оруулсан байна.

Сүүлийн жилүүдэд хар тамхи, зэвсгийн наймааны хэргүүд дээр хүний наймааны хэрэг нэмэгдэж, давтамж нь улам олширч байгаа явдал нь эрх баригчдын санааг зовоож, эдгээр гэмт хэргүүдтэй холбогдох хууль заалтуудыг чангатгах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж