Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Дайрлагад өртөгч

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Чулуунбаатар. Инженер  мэргэжлээ сэтгүүлч, нийтлэлч, зохиолчоор сольсон нь түүний хувьд буруу шийдвэр байгаагүй. Тэр Монголын сэтгүүл зүйд, цаашлаад Ази тивд өөрийн байр сууриа бэхжүүлж чадсан уу гэвэл, тийм. Гэхдээ До.Чулуунбаатар эрхлэгч энэ жил нэг л барцадтай байна. Долоон жилийн өмнөөс эхэлсэн “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлыг энэ жил сөхөж, хэд, хэдэн хүнийг байцааж, хоёр хүнийг хорьж, цагдсаны нэг нь тэр байв. Улмаар сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд “Ганц худаг”-т хоригдсоны эцэст өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт батлан даалтад гарчээ. Уг нь бол “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлал аль 2004 оноос эхэлсэн юм байна лээ. Гэтэл түүнээс 4-5 жилийн дараа ерөнхий эрхлэгчээр томилогдсон Чукад энэ хэрэг яаж яваад хамаатай болсныг бүү мэд. Энэ бол түүний ах, зохиолч До.Цэнджавын хэлсэн үг. Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг эсэргүүцэгчдийн зүгээс хэрэгжүүлсэн ээлжит арга хэмжээний золиос болсон гэх хүн цөөнгүй байгаа. Товчхондоо До.Чулуунбаатар эрх­лэгч дайрлагад өртчихжээ. Харин тэрбээр хоригдож байх үедээ “Хувьчлалын асуудал намайг очиход дууссан байсан. Надад “Энэ хэргийн цаад эзэн нь хэн байсан бэ. Үүнийг хэлчихвэл суллана” гэдэг. Ямар ч буруугүй, хийсэн гэмгүй атлаа би томоохон асуудлын эргүүлэгт орж, эрх чөлөөгөө хасууллаа. Улс төрийн хүчнүүд солигдоход ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн юун түрүүнд өртөн золиослогддог байж таарахгүй” хэмээх үгийг хэвлэлийн хуудаснаа дайсан. Тэр одоо эрх чөлөөтэй болсон. Харин одоо өөрийн биеэр мэдэрсэн зүйлээ  ард түмэнд хүргэх л үлдлээ.

Э.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж