Тавантолгойн ордын баруун Цанхын хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг Засгийн газар тодруулаад удаагүй байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ-аар хэлэлцэж байж эцсийн шийдвэр гаргах юм. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо УИХ-ын 39 дүгээр тогтоолыг бүрэн утгаар нь тусгаагүй байгаа хэмээн үзэж буй бололтой. Энэ нь Тавантолгойн арван хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай асуудал юм.
Түүнчлэн шалгаруулалтад анхнаасаа байгаагаагүй Монгол, Оросын консорциум яагаад ялалт байгуулах болсныг тодруулахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс хүсч буй аж. Мөн Оросын талтай нэгдэж байсан Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдыг эцсийн шалгаруулалтын гадна үлдээсэн үү, эсвэл Оросын эзэмшилд очих 18 хувьд тэдний оролцоо бий юү гэдгийг тодруулах гэнэ.
Эндээс харахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд дотроо зөрчилдөж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн сүүлчийн сонгон шалгаруулалт хүчингүй болж мэдэх бололтой.
Г.Отгонжаргал
"Улс төрийн тойм" сонин