Б.Энхбаяр: Хүчирхийлэл үйлдвэл хорино

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Хүчирхийлэл үйлдвэл хорино

УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсантай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдлаа. Нэг хуулийг хоёр удаа баталлаа гэдэг шүүмжлэл өрнөж байна. Өмнөх хуулиас үзэл баримтлалын хувьд нэг их өөрчлөгдөөгүй гэж ойлгож болох уу?

-Өмнөх УИХ-аар баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ёсчлогдоогүйгээс Засгийн газар луу буцсан. Шинэ Засгийн газар маш богино хугацаанд хуульд өөрчлөлт оруулаад дараагийн долоо хоногт нь УИХ-д өргөн барьсан.

Үзэл баримтлалын тухайд, өмнөх хуулийн ерөнхий зарчим, урьдчилан сэргийлэх, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, иргэний хүлээж байгаа үүрэг, хариуцлага, төрийн байгууллагуудтай холбоотой асуудал, хамгаалах байр зэрэгт ямарваа нэг өөрчлөлт оруулаагүй. Хуулийн төслийн ямар зүйл заалтад өөрчлөлт орсон бэ гэхээр Эрүүгийн хариуцлагатай холбоотой хэсэг юм. Хэрвээ хуулийг буцаагаагүй, заасан хугацаандаа хэрэгжиж эхэлсэн бол хуулийн завсардал гарах байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох асуудал нь эзэнгүй буюу хариуцлага хүлээхгүй байх, ял завших, хуулийн гадна үлдэх нөхцөл үүссэн байсан л даа.

Төрийн бодлого бол хүчирхийлэл үйлдсэн хүн нэг минут, нэг цаг, нэг өдөр ч гэсэн хариуцлагын гадна үлдэх ёсгүй гэсэн зарчим барьсан. Тийм учраас одоо үйлчилж байгаа хуулийнхаа ял шийтгэлийн бодлоготой уялдуулж өөрчлөлт хийсэн. Хууль үйлчлээд эхлэхээр гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа болон байнга үйлдсэн этгээд 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлнэ. Зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял авна.

Анх удаа хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ. Мөн хохирогчийн гэр, ажлын байр луу ойртох зэрэг эрхийг нь хязгаарлах албадлагын арга хэмжээ авна.

-Хүлээлгэх хариуцлага өмнөх хуулиас чангарч. Гол нь Монголынхоо амьдралд бууж чадав уу. Хоёрт , одоо үйлчилж байгаа хуулиар энэ төрлийн хэрэг эвлэрсэн гээд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн шатанд хэрэгсэхгүй болдог. Шинээр мөрдөгдөх хуульд гомдлыг зөвхөн шүүх хэрэгсэхгүй болгож байхаар оруулж ирсэн нь нэлээн маргаан дагуулсан. Аль зохицуулалт нь суусан бэ. Нөхөр саатуулагдахаар эхнэр ар талд нь гурав, дөрвөн нялх нярай хүүхэдтэй, хэдэн малтайгаа хамаг ачааг үүрээд хоцрох болдог гээд хуулиар зохицуулахад төвөгтэй асуудлууд хөндөгдөөд байсан?

-Энэ асуудал бол хуулийн нэлээн том зарчмын өөрчлөлтийн нэг юм. Судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 80-аас дээш хувь нь буцаж эвлэрдэг. Гомдлоо татдаг гэсэн үг л дээ. Судлаад үзэхээр маш олон шалтгаан байдаг. Жишээ нь, хүчирхийлэл үйлдэгчийг хорьчихоор гэр бүлийн орлого байхгүй болж, хохирогч хамт л шийтгэгддэг. Торгох шийтгэл ногдуулахаар эргээд хохирсон хүнээ давхар л эдийн засгийн дарамтад оруулдаг. Ял шийтгэлийн бодлого маань зөв байхгүй бол болдоггүй, бодож хийхгүй бол нарийн эмзэг асуудал. Тийм учраас нэгэнт төр хүчирхийллийн аливаа үйлдлийг тэвчихгүй гэдгээ зарласан, хохирогчийг хамгаалах шаардлага байгаа, эвлэрлээ гэдэг ч эргээд дарамталдаг. Дарамтад орсоны улмаас эвлэрсэн гэж мэдүүлдэг гээд олон шалтгаан нөхцөл байдаг учраас тухай бүрт нь шүүх л шийдэх нь зөв юм гэж үзсэн.

Олон жил дарамтлуулсан хүн нэг л өдөр тэсрээд гэмт хэрэгтэн болдог эмгэнэлтэй жишээ олон бий. Өөрийгөө хамгаалахаас аргагүй нөхцөл байдалд орсон нь ч бий. Сэтгэл цочролд орох, амь нас алдах гээд маш олон эрсдлийг дагуулдаг учраас дээрх зохицуулалтыг тусгасан.

-Аав нь хүүдээ алганы амт үзүүлэхэд л хүчирхийлэл үйлдсэн болоод хувирчих шинжтэй заалтууд байгаа тухай их яригдсан. Дээр нь энэ үйлдлийг харсан иргэн цагдаад хандаж мэдээлэл өгөөгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэх. Айл гэрийн амьдрал руу хэт ороод байгаа биш үү?

-Хуулийн төслийг буруу ойлгосноос ийм зүйл ярьсан болов уу. Бүх үйлдэл гэмт хэрэг биш. Гол нь хүүхэд хүчирхийлүүлж байгааг харсаар байж, холбогдох цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, үүнээс болж хор уршиг гарсан, хүүхэд гэмт хэргийн золиос болсон бол мэдээлээгүй иргэнд хариуцлага хүлээлгэнэ. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх ёсгүй гэдгийг энэ хуулиар хариуцлагажуулж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн хууль бол ердийн хууль биш. Монгол Улс гурван сая иргэнд хамаатай хууль. Таны хувийн орон зай, таны хувийн халдашгүй байх эрхтэй холбоотой, Үндсэн хуулиар хамгаалагдсан тэр бүх эд хөрөнгө өмчлөх, хэнээс ч хараат бусаар амьдрах, тэр үнэт зүйл, нэр төртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль.

Төр ямар тохиолдолд айл гэрийн хаалга тогшихгүй вэ гэхээр хүчирхийлэл үйлдэгдэхгүй, гэмт хэрэг гарахгүй тохиолдолд оролцохгүй. Гэмт хэрэг гарах тохиолдолд оролцоно. Зарим гишүүн Монгол дорнын соёлтой, оролцох юмгүй зүйлд нь оролцох гээд байгаа юм биш үү. Бүх зүйлийг хуульчлах гээд байгаа юм биш үү гэдэг асуудлыг хөндөж байсан.

Амьдрал баялаг, бүх зүйлийг хуулиар зохицуулах боломжгүй, тэгэх нь ч утгагүй гэдгийг бид бүгд мэднэ.Гэхдээ гарцаагүй гэмт хэргийн шинжтэй халдлага, зодуур, эрх чөлөө хязгаарласан зүйл дээр оролцоно. Зөрчигдөж байгаа эрхийг нь сэргээхийн тулд оролцоно.

Мөн хууль санаачлагч, хууль тогтоогчийн барьсан гол үзэл баримтлал бол хүчирхийлэл буюу гэмт хэрэг гарсан бол ял шийтгэлтэй байх ёстой гэж үзсэн.

Ял шийтгэл гарцаагүй байх гэдэг зарчим байдаг. Гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэлийн гадна нэг ч хүн үлдэх ёсгүй. Гэр орондоо үйлдсэн гэдгээр хуулийн хариуцлагаас мултрах ёсгүй. Нэг, хоёр хүний асуудал гэдгээр орхигдох ёсгүй. Заавал шийтгэл гарцаагүй байх ёстой гэдэг тэр зарчим үйлчилнэ гэдгийг хатуу ойлгох ёстой.

-Хүчирхийлэл үйлдэгчийг албадан хөдөлмөр эрхлүүлж, сургалтад хамруулбал дахиад ийм үйлдлийг гаргахгүй багасна гэж үздэг. Ийм зохицуулалт хуульд суусан уу?

-Албадан хөдөлмөр эрхлэх асуудал Эрүүгийн хуулиар зохицуулагдана. Харин зан үйлд нь нөлөөлөх сургалтад баривчлагдсан хугацаанд нь хамруулна.

-Хуульд гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг тусгайлан заасан. Тухайлбал, хохирогчид эрүүл мэнд, өмгөөллийн үйлчилгээнээс эхлээд олон үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Боловсон хүчний нөөц хэр байна вэ?

-Ганц төрийн байгууллага өөрийн хүчээр хийх ажил биш л дээ.  Тийм ч учраас 2009 оноос эхлээд  цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч энэ чиглэлээр ажиллан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтад хамруулах зэргээр ажиллаж ирсэн байдаг. Бүхий л бололцоог ашиглаад ажиллана.

-Хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Гэтэл хамгаалах түр байр гэхчлэн олон зүйлийг бий болгох шаардлага бий. Боломж хэр байна вэ?

-Төсөв санхүүгийн асуудал ярьж байгаа. Сая Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн анхны хуралдаан боллоо. Энэ үеэр хөрөнгө шаардсан ажлуудаа орон нутгийн төсвийн оролцоотой, улсын төсвийн оролцоотой, донор байгууллагын оролцоотой, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой хамтраад шийдье гэдэг асуудал яригдлаа.

Одоогоор Түр хамгаалах байр найм байгаа. Хоёрыг нь манай яамны харьяа хоёр байгууллага байгуулсан байдаг.  Мөн Эрүүл мэндийн яам нэгийг, иргэний нийгмийн байгууллага нэгийг байгуулсан. Тал, талаасаа хүчин чармайлт гаргаад бага, багаар үе шаттай шийдэж ирсэн, энэ жишгээр л шийднэ.

Архидан согтуурах, хэрэг зөрчил гаргаснаас орж ирэх торгуулийн орлого гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн орон нутгийн салбар зөвлөлийн дансанд төвлөрдөг. Эндээс зарим асуудлыг шийдэх бололцоо байгаа.

-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ирэх хоёрдугаар сарын 1-н хүртэл хийх цаг хугацаатай уралдсан ажил юу вэ?

-Энэ хуультай холбогдуулж 20-иод журам баталж гаргах үүрэг хүлээлгэсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, цагдаа, прокурор гэсэн байгууллагуудаас баталж гаргах шаардлагатай журмууд юм. Эдгээрийг хууль хэрэгжихээс өмнө батлуулах ажлыг зохион байгуулна.

Нөгөө талаас энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгийн асуудал байгаа. Энийг уялдуулж шийднэ. Донор байгууллагуудын хүрээнд яригдаж байгаа төсөв хөтөлбөрүүдийг энэ хуулийг дэмжсэн, энэ хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилт руу чиглүүлнэ, төлөвлөнө. Хүмүүсээ сургана.

-20 гаруй журам боловсруулах нь, хууль хэрэгжихэд ердөө сарын хугацаа үлдсэн байдаг. Амжих уу?

-Бид хууль батлагдахыг хүлээгээд зүгээр суугаад байгаагүй. Батлагдана гэсэн хүлээлттэйгээр холбогдох дүрэм журмаа боловсруулах ажлаа хийгээд бэлэн болгосон ажлууд ч бий. Энэ төрлийн хэрэгтэй тулж ажилладаг нийт эмэгтэй албан хаагчидаа Хууль сахиулах их сургуул дээр тусгайлан сургалтад хамруулаад эхэлчихсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж