“Ц.Мөнх-Оргил сайдын яриаг гуйвуулсан”

Хуучирсан мэдээ: 2016.12.26-нд нийтлэгдсэн

“Ц.Мөнх-Оргил сайдын яриаг гуйвуулсан”

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Харьяатын тухай хуулийн 7.1 дэх заалтаар эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бол хүүхэд нь монгол буюу гадны улсад мэндэлснээс үл хамаарч Монгол Улсын харьяат иргэн байхыг зөвшөөрсөн байдаг. Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулиар гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийнх нь хүсэлтийг үндэслэн, хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын иргэнээр бүртгэж авдаг аж. Тиймээс АНУ, Канад зэрэг орон шиг хөрсний зарчмаар харъяаллаа олгох бус, цусны зарчмчаар гадаад төрсөн, судсаар нь монгол цус гүйж буй хүүхдийн төрсөн газрыг үл хамаарч, Монгол овог олгодог байх хуулийн төслийг ГХЯ боловсруулж байгаа ажээ.  

Хилийн чанадад мэндэлж буй монгол цустай хүүхдүүдэд эх орноороо овоглох боломжийг олгож, тэдний монгол харьяаллыг хадгалах шаардлагатай гэж Гадаад харилцааны яам /ГХЯ/ тодотгов.

Олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц байдлаар цахим орчинд түгээж байгаачлан “Монголд түр хугацаагаар зорчих гадаадын иргэдэд давхар иргэншил олгох тухай асуудлыг ГХЯ хөндөөгүй” гэдгийг албаны эх сурвалж тодотголоо. 

“Давхар иргэншлийг зөвшөөрөхдөө гадаадын иргэнд үрчлэгдэн, өөр улсын харьяат болсон, өөр улсын иргэнтэй гэр бүл болж, Монгол Улсын иргэншлээ солиулсан, гадны нэг улсын харьяалалтай ч давхар Монгол Улсын иргэншил хүссэн, Монгол Улсын иргэншилтэй ч бусад орноос иргэншил хүсэх иргэдэд хуулийн цоорхой үлдээхгүй” гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд ярилаа. Тэрбээр сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархаж буй “Ц.Мөнх-Оргил сайд давхар иргэншилтэй байх асуудлыг зөвшөөрөх тухай” яриаг гуйвуулж, ойлгохгүй байхыг хүсэв.

Монгол цустай монгол хүүхэд бүрийнхээ иргэншлийг хадгалж үлдэхийн тулд одоогийн Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн даваа гаригт “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн ярилцлагадаа дурьдсан байна. Гэтэл энэ хэсгийг нь зарим мэдээллийн сайт, фэйсбүүк дэх фэйж хуудсаар өөрсдийн үзэл бодлоо шингээж, БНХАУ-ын иргэдийг олноор оруулж ирнэ гэсэн утга бүхий таамгийг дэвшүүлж мэдээлсэн гэж ГХЯ тайлбарлалаа. 

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж