Азийн цагийн дагина өргөмжит Улаанбаатар хот маань утаа, тоосжилт дундаас сааралтан харагдана. Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн жагсаалыг өнөөдөр /2016.12.26/ анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Урьдчилсан байдлаар энэ жагсаалд 20 мянган эцэг, эх оролцоно хэмээн зохион байгуулагч “Утааны эсрэг аав, ээжүүд" ТББ-ынхан мэдэгджээ. Монгол хүн бүрийн сэтгэлийг зовоох болсон утааны эсрэг арга хэмжээ авахыг уриалсан ийм агуулгатай жагсаалХятад, Энэтхэг зэрэг оронд болж байсан удаатай. Тэрхүү жагсаалууд үр дүнд хүрсэн үү. Дуу хоолойгоо нэгтгэж чадсан уу? Ямар шаардлага тавьж байсан бэ? Энэ тухай мэдээллийг сонирхуулъя.
ИХ БРИТАНИ, ЛОНДОН ХОТ
Их Британийн нийслэл Лондон хотноо олон сая автомашины хөдөлгүүрээс гарах утаа хүүхэд болон хөгшчүүдийн эрүүл мэндэд хор учруулж байгаагийн эсрэг залуус дуу хоолойгоо нэгтгэн жагссан юм. Жагсаал 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр болж, 18-25 насны залуус дизель түлшнээс ялгарах утааны хор хохирлыг таниулж, сурталчилсан зурагт самбарыг өөрсдийн мөнгөөр хэвлэн, хамгийн их бохирдолтой дүүргүүдэд байршуулсан байна. Зурагт хуудсуудад Лондон хотноо жил бүр 9000 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байгааг бичжээ.
Өмнө нь 1950-аад оны эхээр Лондон хотноо нэг өвлийн дотор 12000 хүн агаарын бохирдлын улмаас нас барсан гашуун түүх бий. Тухайн үед ард иргэд нь гамшигт утааны талаар хотын захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж, гарын үсэг цуглуулж байжээ. Английн эрх баригчид Цэвэр агаарын хууль баталснаар Лондон хот хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж, дөрөвхөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чадсан юм.
Эрх баригчид хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод "Агаарын хяналтын бүс" бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чадсан гэдэг. Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар сольсон байна. Айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр англичууд ахуйн чанартай агаарын бохирдлыг шийдэж чадсан юм.
ЭНЭТХЭГ, ШИНЭ ДЕЛИ
Энэтхэгийн Шинэ Дели хот агаарын бохирдол ихтэй хотуудын тоонд ордог. Сүүлийн арван жилд Дели хотноо тоосжилт, автомашины утаа, хог шатаасан утаа зэргээс үүдэн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ.
Дели хот дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард тус хотын агаарын чанарыг хэмжиж үзэхэд 999 буюу “Маш аюултай” түвшинд хүрснийг мэдээлжээ. Үүний дараа оршин суугчид агаарын бохирдлын эсрэг маск зүүн, хорт утаагаар амьсгалахгүй хэмээн жагсаал зохион байгуулсан байна.
Улмаар хотын захиргаанаас онц байдал зарлан, агаарын бохирдлыг бууруулах 13 алхмыг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, Сургууль, цэцэрлэгийг агаарын бохирдол ихтэй өдрүүдэд амраах, дулааны цахилгаан станцын ажиллагааг түр хугацаагаар зогсоох, дизель түлшээр ажилладаг хөдөлгүүрийг хориглож, автомашины дугаарын хязгаарлалт тогтоох, эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлоос сэргийлэх зөвлөмж гаргаж, ил задгай хог шатаахыг хориглох зэрэг олон арга хэмжээг авсан байна.
ХЯТАД-БЭЭЖИН БА БУСАД ХОТУУД
Хятадын нийслэл Бээжин болон бусад томоохон хотуудын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь автомашин, нүүрс, аж үйлдвэр зэрэг олон хүчин зүйлээс бүрддэг. Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах албанаас 2015 онд хийсэн судалгаагаар "Бээжин хотын агаарын бохирдлын ихэнх хувийг тээврийн хэрэгслээс гарах утаа эзэлж байна" гэж дүгнэсэн байдаг. Өдгөө БНХАУ-ын хот суурин газрын хүн амын зөвхөн нэг хувь нь (560 сая хүн) цаг агаарын таатай орчинд амьдарч байна.
Хятадын Гуандун мужийн иргэд өнгөрсөн арваннэгдүгээр сард нүүрс шатаадаг үйлдвэрүүдийг нэмэгдүүлэхийн эсэргүүцэн жагсаал хийсэн юм. Жагсагчид үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхийн эсрэг оршин суугчдын гарын үсгийг цуглуулж, олон мянган хүнийг нэгтгэж чаджээ.
Бээжин хотноо 2008 онд Зуны олимпийн наадам зохион байгуулагдах үеэр ард иргэд нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа цэнхэр тэнгэрийг харж, цэвэр агаар амьсгалсан гэж хэлж болно. Бээжингийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг бодитоор харуулсан нэг жишээ бол тоос сорогчоор агаар соруулж, хар тоосго хийсэн явдал юм. Хятадын Засгийн газраас энэ оны эхээр агаарын бохирдлын эсрэг “дайн” зарлаж буйгаа мэдэгдсэн боловч дорвитой үр дүн хараахан гараагүй л байна. Бээжин хотноо агаарын бохирдол ихсэх үед автомашины тоог хязгаарлаж, сургууль цэцэрлэгийг хаах, үйлдвэрүүдийг зогсоох арга хэмжээ авдаг. Гэхдээ Хятадын эрх баригчид 2030 он хүртэл агаарын бохирдлын хэмжээг дундаж хэмжээнд хүргэж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.