Ардын уран зохиолч, Төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийн “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ, би” гэсэн мөрийг энэ өдрүүдэд санахгүй байхын аргагүй. Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ойг угтсан цуврал арга хэмжээнүүд үргэлжилж байна. 1911 оны цагаагчин гахай жилийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд 200 гаруй жил эрхшээлд нь байсан Манжийн дарлалаас ангижирч, Богд Жавзандамба хутагтыг Монголын шашин, төрийг хослон баригчаар өргөмжилсөн. Харин энэ өдрийг албан ёсоор Үндэсний эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх болсон нь саяхан. 2011 оноос энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. 1911 онд олж авсан энэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулж амжилгүй Оросын Коминтернийн эрхшээлд орж, өнгөрсөн зууныг элээсэн монголчууд бидний хувьд энэ өдөр хаалттай сэдвийн нэг байсан. Энэ үйл явдлын ач холбогдлыг зориуд бүдэгрүүлэн дарж байсан нь нууц биш.
Энэ жилийн хувьд нэгэн онцлог байна. Юу гэвэл, тусгаар тогтнолыг тунхаглан зарлах нэг хэрэг, тусгаар байхын мөн чанарын тухай илүүтэй яригдаж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа эдийн засгийн хараат байдал тусгаар тогтнолын мөн чанарт нөлөөлж байна уу, үргэлжийн мөнхөд дотроо хагаралдан талцаж байгаа нь тусгаар тогтнолд аюул учруулах хэмжээнд очиж байгааг, төрийн бодлогын залгамж халаа нэгэнт алдагдсан, энэ алдагдсан цаг хугацааг эргэн сэргээх гарааны цэг хаа байгааг илүүтэй ярьж, хэлэлцэж байна.
Улс нь баян, иргэд нь гэдэс цатгалан байж тэр улс тусгаар улс гэсэн статусаараа бардамнаж чадахыг олон улс орны түүх, олон улс орны ухаалаг удирдагчдын түүх харуулдаг. Монголчууд ч гэсэн ингэж бардамнахыг хүсч байна. Харамсалтай нь, бодит байдал гунигтай байна.
Аль социализмын үед л консервны лаазаа хийж чадахгүй байсан монголчууд одоо ч чадахгүй хэвээр, социализмын үед хүрсэн үйлдвэрлэлийн амжилтууд зөвхөн тухайн үеийн баримтат кинонуудад л үлджээ. Өргөн хэрэглээний барааны хангалтаар урд хөршөөс, шатахуунаар хойд хөршөөс зуун хувь хараат хэвээр. Хорин жилийн өмнө анхны Ерөнхийлөгчийн энгэрээ мялааж байсан газрын тос П.Очирбатын цагаан дээлний энгэрт л толбо болон үлджээ. Түүнээс хойш газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг даруй хэдэнтээ энд тэнд тавьсан ч зөвхөн сонгуулийн өмнөх шоу болоод л өнгөрсөн. Социализмын үед 25 сая толгой малтай байхад жилийн экспорт нь 40 мянган тонн хүрдэг байсан махны экспорт өнөөдөр нэг хоёр тонноос хэтэрсэнгүй. Өнгөрсөн зуунд Монголын эдийн засагт давамгайлж байсан Оросын хөрөнгө оруулалт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа зарснаар үлэмж багаслаа. Одоо байгаа ганц хөрөнгө болох “Улаанбаатар төмөр зам”-ын хувиа ч зарах яриа хэлэлцээ эхэлсэн сурагтай. Хэрвээ тэгвэл Монголын эдийн засаг бүхлээрээ урд хөршөөс хамааралтай болно. Энэ хооронд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь сайшаалтай ч энэ хэлэлцээр нэгэнт хэлтийсэн давуу байдлыг саармагжуулж дөнгөхгүй.
Том том төслүүдээ эхэлж чадвал эдийн засгийн хувьд өндийж чадна гэж ярьсаар даруй арваад жил боллоо. Монголчууд үйлдвэрлэгч байх нь зөвхөн бидэнд өөрт л хэрэгтэй болохоос бусдад хэрэггүй. Эгийн голын УЦС-ын асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хэрэгтэй бол бид та нарт эрчим хүч нийлүүлнэ” гэж өнгөрсөн хавар Ташкентад хэлсэн нь үүнийг нотолно. Том төслүүдээ эхэлж чадахгүй байна уу, эхлүүлэхгүй байна уу гэдгийг илэн далангүй ярих цаг болсон.
Төрийг залах арга барилыг түүхээсээ, өвгөдөөсөө суралцах цаг болсон гэж түүхчдийн, судлаачдын хэлж байгаа нь үнэн. Монгол Улсын дотоод хямрал 300 жилийн өмнөх үе буюу манжид дагаар орох үеийг санагдуулахаар хямарч байгаад түүхчид санаа зовинож байна.
Тусгаар тогтнолыг тунхаглан зарлах хангалтгүй болжээ, тусгаар тогтнолыг төрийн бодлого, эдийн засаг, гадаад бодлогоор баталгаажуулах цаг ирснийг олон хүн сануулж байна. Ирэх Пүрэв гаригт тэмдэглэх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн өдөр Монголдоо хайртай хүн энэ тухай эргэцүүлэн бодохыг уриалж байна.