-Манайх нийслэлийн хөрөнгө оруулалттай компани. Түлш,шатахууныг хязгаарласантай холбоотойгоор зам засварын ажил удааширсан. Гэхдээ манай компанийн хувьд байдал харьцангуй гайгүй байсан. Одоо шатахууны нийлүүлэлт сайжирсан байх. Гэсэн ч хямрал дахин хэзээ нүүрлэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь зөв гэж бодож байна. Энэ талаар мэдээлэл их гарах боллоо. Бид дотооддоо үйлдвэртэй болчихвол хэн, хэндээ хэрэгтэй байх.
“Монхангай” компанийн ажилтан Р.Пэрэнлэй: ДОТООДДОО ХЯМД ҮНЭТЭЙ ШАТАХУУН БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Бид наадмын өмнө түлшний хомсдолд орж, ажлаа хэд хоногоор хойшлуулсан. Одоо байдал ерөнхийдөө гайгүй болж байх шиг байна. Гэхдээ түлшний үнэ өндөр байгаа нь тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг. Хэрэв газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол дотооддоо хямд үнэтэй түлш нийлүүлж, гаднаас үнэтэй авахгүй байх. Бас шатахуунаас болж, ажил хойшлохгүй байх гэж бодож байна. Харин үйлдвэрийг хаана, хэзээ барих гэж байгаа нь л сонин байна. Мэдээж хот суурин газраас хол байгуулах ёстой. Ер нь энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй.
– Иргэн Д.Батзориг: ОДООГООС АРАВ ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БОЛОМЖ БАЙСАН
-Анх 1990-ээд оны үед боловсруулах үйлдвэртэй болох боломж байсан. Гэхдээ түүнийгээ алдсан. Дорнодод АНУ-ын “Соко ойл” компани газрын тосны хайгуул хийж байсан. Тус компанийнхан нефтийн цооног илрүүлсэн юм. Гэтэл тэдэнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл олгоогүй шүү дээ. Улмаар “Соко ойл”-ынхон Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” гэх компанид тусгай зөвшөөрлөө зарчихаад явсан. Одоо энэ компани Монголын нефтийг юу ч үлдээлгүй соруулж байна. Хямд үнээр гадагш нь экспортолж байгаа. Хэрэв газрын тос боловсруулах үйлдвэр барих юм бол хувийн хэвшлийн биш, төрийн мэдлийнх байвал зүгээр. Ард иргэд шатахууны хомсдолоос үүдэлтэй үнийн хөөрөгдлийн хүнд ачааг нуруундаа үүрч байна. Хэрэв нефть боловсруулах үйлдвэртэй болбол энэ хүнд байдлаас гарна.
Иргэн Б.Дорж: СОЦИАЛИЗМЫН ҮЕ ШИГ ХАТУУ ЧАНД АЖИЛЛАХ ЁСТОЙ
-Нефть боловсруулах үйлдвэр барих нь зөв. Гол нь хөрөнгө, санхүүжилтийг нь сайн тооцоолж, ямар хүчин чадалтай үйлдвэр барих вэ гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Чанартай сайн үйлдвэр баривал үр хүүхдүүдэд маань хэрэгтэй. Залуу хүмүүс их байгаа учраас бодож сэтгэх нь сайн байх. Хэрэв үйлдвэртэй болбол монгол мэргэжилтнүүдээ ажиллуулах хэрэгтэй. Дааж авсан ажлаа яг таг гүйцэтгэлтэй хийх нь гол юм даа. Засгийн газар, УИХ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй л байгаа. Уг нь тал дээр түлхүү анхаарах ёстой.
"Улс төрийн тойм" сонин