Жил бүр дээрх газрууд үерт автаж, улсаас багагүй зардал гаргуулан онцгой байдлын албадыг хөдөлгөдөг. Уг нь аль ч оронд энэ мэт асуудлаа даатгал гээч зүйлээр шийдчихсэн байдаг атал манай улс л өөр жишгээр яваад байх шиг. Тиймээс л Засгийн газар ийм ялихгүй асуудлаар хуралдаж, сайд нар нь гэр нүүлгэлцэх нь холгүй байдаг. Мөн улсын нөөц нэрийн дор иргэдээс авсан татварыг гэнэтийн осол гамшигт байсхийгээд л зарцуулна.
Дүүргийн газрын албаныхны хэлж буйгаар энэ хэсэг нь А зэрэглэлийн бүсэд хамаардаг тул иргэд нь газраа орхилгүй шавар шалбааг, бохир нь сагасан нөхцөл байдалдаа дасан зохицдог болчихсон гэнэ.
Далан барихын тулд “Нарантуул” захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх замыг хаан хөдөлгөөнийг түр зогсоож, төмөр замыг сэтлэхэд хүрчээ. Нийт 12 тэрбум төгрөгөөр хийх уг ажил ирэх сарын эхээр дуусах аж. Ийм хэмжээний хөрөнгө үрсний дараа энэ хавийн 1000 гаруй айл айх аюулгүй болох бололтой.
Харин далангийн гүйцэтгэгч компани болох “Эм Эм Жи Капитал” ХХК ажилчдын хэлж буйгаар зөвхөн энд далан барьснаар иргэд бохир уснаасаа салахгүй. Учир нь тус дүүргийн V, XXII, XIX, XXIV хорооны нутаг дэвсгэр дэх үерийн далан сувгуудыг сайжруулахгүй л бол дээрээс урсах ус нь иргэдэд аюултай хэвээр байх аж.
XII хорооны оршин суугч Х.Цэнд-Аюушаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та энд хэр удаан амьдарч байна вэ. Үер, усны үед ямархуу нөхцөл байдалтай болдог вэ?
-Манайх найман жил энд суурьшиж байгаа. Энэ хугацаанд зөндөө л юм болсон. Үерийн шуудуу усаар дүүрээд урагшаа төмөр зам хүртэл урсаж талаар нэг юм болдог байсан. Саяхан ч гэсэн тэгсэн шүү дээ. Зурагтаар байнга л гардаг. Шуудуунд тогтсон усанд хүүхэд уначих гээд түвэгтэй байдаг. Өнгөрсөн жил манай хашаа газарт орсон юм. Одоогоор садангийнхаа хашаанд амьдарч байна.
-Одоо үерийн даланг сайжруулж байна. Байдал өөр болох байлгүй?
-Сүүлийн нэг жил хагасын хугацаанд энэ хавийн газрыг худалдаж авах, орон сууц барих нь ихэссэн. Орон сууц олноороо баригдаж эхлээгүй бол энд үерийн далан барих байсан юм уу хэн мэдэх вэ. Өмнө нь олон удаа “Далангийн асуудлыг шийдээд өгөөч” гэж гуйж байсан ч бүтээгүй.
Иргэдийн дунд дээрх шиг бодолтой нь цөөнгүй байв. Гэхдээ олонхи нь даланг сайжруулж байгааг сайшаалаа. Үерийн даланг барихын тулд “Нарны зам” дагуу хоорондоо 800 метр зайд хоёр гаргалгаа хийж, төмөр замыг хоёр газраар сэтэлжээ. Нийт 24 метр урттай, 2Х2 харьцаатай төмөр бетон хийцээр угсарч далд хоолой тавьж байна. Харин хоёр талаар хийгдэж байгаа дээрх 3,7 км гарц нийлж, Туул голд бохироо цутгах аж. Гэтэл уулын ус биш, гэр хорооллын хамаг бохирын хамт урсаж буй усыг Туул руу цутгаж байгаагаа хэн ч буруу гэж хэлэхгүй байна. Арьс ширний үйлдвэрийхээс ч дутахааргүй бохир усны талаар энд ярьж байна шүү дээ. Харамсалтай нь энэ талаар тоймтой хариулт өгөх хүн олдсонгүй. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ус зайлуулах байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Ганбатаас энэ талаар тодруулахад “Ер нь манай инженерийн байгууламжуудаас гарч буй ус Туул руу цутгаж байгаа. Замд нь цэвэрлэдэг ямар ч технологи хараахан нэвтрүүлээгүй байна” хэмээн тайлбарласан юм.
"Улс төрийн тойм" сонин