Хөгжлийн банкны мөнгө хаачив?

Хуучирсан мэдээ: 2016.12.24-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны мөнгө хаачив?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр заасан юм.

Хөгжлийн банк байгуулагдан ажилласан таван жилийн хугацаанд нийт 5.9 их наяд төгрөгийн зээл гаргасан. Гэвч зээлдэгч цаг хугацаандаа зээлээ төлөхгүй байгаагаас Хөгжлийн банкийг хүндхэн байдалд оруулаад буй.

Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкнаас мөнгө нь гарсан хэрнээ тавьсан зам нь байхгүй, хайгаад олдохгүй байгаа тухай асуудал ч  хөндөгдлөө. Эдгээр асуудалтай холбоотой байр суурийг хүргэе.

“МӨНГӨ Ч БАЙХГҮЙ, ЗАМ Ч БАЙХГҮЙ”

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хөгжлийн банкнаас Говь-Алтай аймагт 45 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдсэн гэдэг. 31 тэрбум төгрөгийг зам болон эрчим хүчний суурь бүтцийг сайжруулах гэж тавьсан. Гэвч тавьсан зам нь олддоггүй. Мөнгө нь хаачив гэхээр Хөгжлийн банк “Яамны шийдвэрийн дагуу гаргасан” гэдэг.  Яам нь мөнгийг зарсан ч юм шиг зараагүй ч юм шиг тайлбар хийдэг.

Аймгийн төвөөс Дэлгэр сум өнгөртөл татсан 100 гаруй км зам 2012 оноос өмнө тавиад дууссан. Тэрнээс хойш дахиад 100 км зам байна уу гэхээр байдаггүй. Аймгийн төвд тавьсан 3 км замыг эс тооцвол. Энэ мөнгө хаачив аа. Зам нь тавигдаагүй байлаа гэхэд мөнгө нь ядаж байх ёстой биз дээ.

СУДАЛГААГҮЙ ЗЭЭЛ ОЛГОСНООС ШАЛГАГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Хөгжлийн банкны эх үүсвэрийг нэг их наяд биш 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна. Энэ тооцоонуудыг хийж үзсэн. Өөрийн хөрөнгийг нь дутагдуулаад байгаа 17 компанийн асуудал байгаа юм. Үүний 6 нь төрийн, 11 нь хувийн компани байна. Хэрвээ энэ компаниуд зээлээ төлчихвөл бид сан байгуулж, нэг их наяд төгрөг гаргах шаардлагагүй юм.

“Энержи ресурс” компанийг хүнд байх үед нь 170 тэрбум төгрөг гаргаад замыг нь худалдаад авсан. Одоо энэ компанийн байдал сайжирсан бол   эх оронч үзэл гаргаад төрд өгсөн замаа буцаагаад авчих хэрэгтэй. Ингэвэл  өөрийн хөрөнгө нь хорогдохгүй, төрийн ачаалал 170 тэрбум төгрөгөөр хөнгөрөх гээд байна. 

Мөн  “Эрдэнэс Тавантолгой” компани дээр байгаа 250 сая төгрөгийн ачаа ирчихээд байгаа юм. Үүнээс үүдээд Эрсдэлийн сан дээр нэмэгдээд байна. 250 тэрбум чинь 2008 онд хамтарсан Засгийн газрын үед “Чалко”-гийн өр болгож аваад, өнөөдөр “Эрдэнэставантолгой” компани дээр өр болгосон Монголын төр хариуцах мөнгө. Үүнийг цэвэрлээд өгөх хэрэгтэй.

“Монполимет” компанийн Ц.Гарамжав захирал “би бол хугацаанд нь зээлээ төлөөд байгаа” гэж ярьсан. Харамсалтай нь, ажлын хэсгийн дүгнэлт дээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан, хоёр удаа хугацаа сунгажээ. Зээлийн хорооны дүгнэлтгүй зээл авсан байгаа. Судалгаагүй зээл олгосны төлөө Хөгжлийн банкны залуучууд шалгагдаж байгаа шүү. Судалгаагүй зээл авсны төлөө та бас хариуцлагаа хүлээгээд энэ зээлээ хугацаанд нь төлөх юм бол 111 тэрбум төгрөг чинь хорогдох гээд байна.  Мөн  "МАК"  гурван удаагийн зээлээр 109 тэрбум төгрөг авчээ.  Өнөөдөр 238 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Би үүнийг хэлээгүй ажлын хэсэг дүгнэлт хэлж байна шүү. Та нар энэ зээлээ төлөх юм бол 111 тэрбум ямар ч хэрэггүй байна.Та нар энэ зээлээ төлчихвөл Хөгжлийн банкинд нэг их наяд төгрөг хэрэггүй.

“ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦ”

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хөгжлийн банкнаас зээл аваад  төлөлт хийгээгүй компаниудад хариуцлага тооцох хэрэгтэй. МАН-ын гишүүдийн оролцоотой компаниуд байсан ч зээлээ төлөөгүй бол хариуцлага тооц. Хөгжлийн банкийг цаашид улстөргүйгээр авч явах хэрэгтэй.

“ТӨР ОРОЛЦСОН АЖИЛ БОЛГОН ЭЗЭНГҮЙДЭЖ”

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 200 компанид 5.9 их наяд төгрөгийн зээл олгосны нэг их наяд нь арилжааны банкаар дамжуулж олгогдсон зээл. Эдгээр зээл нь төлөгдөх боломжтой. Гэтэл төр оролцож олгосон зээл нь эргэн төлөгдөх боломжгүй байна. Эндээс харахад төр оролцсон ажил болгон эзэнгүй болдог гажиг тогтолцоо үүсчээ. Хөгжлийн банкны зээл нь манай улсын нэг жилийн орлоготой тэнцэж байгаа. Иймд Хөгжлийн банкнаас олгосон зээлийг жил бүр шалгаж, эргэн төлүүлдэг байх хэрэгтэй байна.

“580 САЯ ДОЛЛАРЫГ ТӨЛӨХ ХУГАЦАА ТУЛЛАА”

УИХ-ын гишүүн Н.Учрал: Олон улсын зах зээлээс босгосон 580 сая ам.долларын өрийг төлөх хугацаа 2017 оны гуравдугаар сарын 30 гэж заасан. Энэ хугацаа туллаа. Гэтэл Хөгжлийн банкны өнөөдрийн нөхцөл байдал 5.9 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байтлаа эргэн төлөлт бараг хийгдээгүй байна. Тэр мөнгөн дүнгийнхээ ядаж 1.2 их наяд төгрөгийг өдийд хуримтлуулсан байх ёстой шүү дээ.

Тэгэхээр Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр орж ирж байгаа хуулийн төслийг зарчмын хувьд  дэмжихээс өөр арга байхгүй. Нэг их наяд төгрөгийн үнэт цаас гаргах юм байна.

Гэхдээ цаашид Хөгжлийн банкийг удирдаж явах шинэ захирал яг ямар бодлого баримталж ажиллах гэж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна.

“3.2 ИХ НАЯД ЭРГЭН ТӨЛӨГДӨХ МАГАДЛАЛ БАГА БАЙГАА”

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр: Хөгжлийн банкинд тулгамдаж байгаа хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна. Эргэн төлөлтийн хувьд арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлсэн нэг их наяд төгрөгийг графикийн дагуу 2019 он хүртэл эргэн төлүүлэхээр ажиллаж байна. Улсын төсвөөс төлөгдөх 3.2 их наяд төгрөг болон  тодорхой нэр бүхий 16 төсөлд оруулсан хөрөнгө оруулалт эргэн төлөгдөх магадлал багатай байгаа. Улсын төсвөөс авах өрийг энэ ондоо багтаагаад гаргачих юм бол үлдсэн 16 том төсөлтэй ажиллах тусгай нэгж байгуулж ажиллахаар бэлтгэж байна. Найдвар багатай гэсэн зээлүүдийг бид хууль хяналтын байгууллагатай хамтран шийдвэрлэх болно.

Харин эргэн төлөлт хийх магадлалтай гэж үзсэн төслүүдийн өрийг төлүүлж цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах эргэлтийг нь хангаж өгөөд, явна гэсэн байр суурьтай байгаа.

Хөгжлийн банк 2017 оноос эхлэн эхний ээлжинд ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх вэ гэдэгт үндэслэн судалгаа хийж эргэн төлөх магадлалтай гэж үзсэн төслүүдэд эх үүсвэрийг нь бий болгох замаар ажиллаад явна. Гадны санхүүгийн байгууллагуудтай хийх гэрээ хэлэлцээр ч хийгдээд явж байгаа. Зарчмын хувьд дотоодоос гарах санхүүжилтээ 15 хувиас хэтрүүлэхгүй гадны санхүүжилтийн байгууллагаараа үлдсэн 85 хувийг нь санхүүжүүлээд явна.

Тавигдах гол шаардлагын хувьд бололцоотой бол дотоодын зах зээлээс авах худалдан авалт, дотоодын эдийн засаг руу оруулах хөрөнгө оруулалт нь 50-иас доошгүй хувьтай байх ёстой гэдэг зарчмыг баримталж ажиллана.

“ӨР АВЛАГЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГСӨН”

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Хөгжлийн банкны удирдлагад өр авлагын алдагдлыг бууруулах чиглэл өгсөн. Гэтэл тэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн өр авлагыг барагдуулахад хүнд байгааг хэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон, үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжүүлж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Энэ нөхцөлд Хөгжлийн банкны бие даан ажиллах чадварыг хангаж өгнө. Тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Хаана гэдэг нь өр авлагаа авахгүй гэсэн үг биш. Хариуцлагын асуудлыг ч орхигдуулахгүй. Нөгөөтэйгүүр, улсын төсөв, Засгийн газар батлагаа гаргаад зээлийн асуудлыг шийдсэн нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн байдлыг хүндрүүлсэн. Тиймээс хүнд байдлаас гаргахын тулд Хөгжлийн банкинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж