Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Масато Такаока өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах аж. Тэрбээр энэ үеэр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ажээ.
Сануулахад, энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Элчин сайд Такэнори Шимизүг бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэн эх орондоо буцаж байгааг нь тохиолдуулан хүлээн авч уулзсан.
Монгол, Японы хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр орны харилцаа 1990-ээд оныг хүртэлх хугацаанд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгаанаас үүдэн хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байв. Харин Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих үеэс эхлэн хоёр орны харилцаа идэвхжиж, эдүгээ Монгол, Японы харилцаа ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа билээ.
Б.ЭНХ