Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн үү гэдгийг судлах Ерөнхий сайдын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2016.12.23/ анхны уулзалтаа хийлээ. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан 15 гишүүн оролцлоо.
Уг ажлын хэсэг гурван сарын хугацаанд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж, олон нийт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу, мөн ямар асуудлын хүрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж үзэж байна вэ гэдгийг судалгаанд үндэслэн гаргаж ирнэ.
Мөн ажлын хэсэг нь Засгийн газраас тодорхой чиглэл авахгүй, бие даасан үйл ажиллагаа явуулах аж.
Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 25 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд 15 Засгийн газар өөрчлөгдөж, мөн тооны Ерөнхий сайдыг УИХ-аас томилон ажиллуулсан нь насжилтын хувьд богино байгаа аж. Тодруулж хэлбэл, Засгийн газрын дундаж нас 1.7 жил байна гэсэн судалгаа гарчээ. Иймээс ч судлаачдын дунд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаглалын хэлбэрээ илүү оновчтой боловсронгуй болгох шаардлага байна гэж үздэг болсон. Засаг захиргааны хуваарилалтаа эргэн харж, засахаас эхлээд олон асуудлыг орчин цагийн хөгжилтэйгээ уяж өөрчлөхгүйгээр тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах боломжгүй гэдгийг эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа аж. Олон нийтийн зүгээс Засгийн газарт хандан олон санал хүсэлт ирүүлдэг. Тиймээс дээрх ажлын хэсэгт эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтаан байгуулжээ.
Ажлын хэсэгт багтсан зарим гишүүдийн суурийг хүргэе.
М.Батчимэг: Үндсэн хууль бол үндэсний зөвшилцлийн асуудал. Судалгаа ямар хугацаанд үргэлжлэх вэ, юуг судлах юм, ямар арга барилаар судлах юм, наад зах нь аргачлалыг болосруулахад хоёр долоо хоног ажиллах шаардлага гарна. Хугацаан дээр ярилцах шаардлага гарах байх. Нэгэнт хүч тавьж, баг ажиллаж эхэлж байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу гэдгээс илүүтэй ямар асуудалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж иргэд, нийгэм, судлаачид үзэж байна вэ зэрэг тодорхой асуудал руу хандаж ажиллавал илүү үр дүнтэй болох болов уу. Энийг ажлын хэсэг дотроо ярьж байж шийдье.
Ц.Даваадулам: Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу гэдэг асуудлаар ард нийтээр хэлэлцүүлэх гэдэгт болгоомжтой хандахгүй бол болохгүй. М.Батчимэг судлаачийн судалгаанд гарсан байсан. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай болох уу гэж ард түмнээс асуух юм бол иргэдийн 60 хувь нь Ерөнхийлөгчийн засаглал хүсэж байгаа гэж. Ийм үед тийм асуудлаар санал асуулга явуулах юм бол Ерөнхийлөгчийн засаглал руу явах магадлал өндөр. Тийм учраас ард түмнээс ямар асуудлыг асуух юм бэ гэдэгтээ болгоомжтой хандах нь зүйтэй. Олон улсын туршлагыг нэгтгэх шаардлага байна гэж үзэж байна. Брекситийн туршлага, Италийн санал асуулга үр дүнтэй болоогүй. Хоёрдугаарт, концепцио нэгтгэх нь чухал, 15 өөр юм яриад орж ирж болохгүй байх. Үндсэн хуулийн чиглэлээр явж байгаа хурал, хэлэлцүүлгийг харахад нэг хэсэг нь “Үндсэн хуулийг өөрчлөхгүй”, нөгөө хэсэг нь “Өөрчилнө” гэсэн сэдвээр маргадаг. Тодорхой сэдвээр хувааж аваад хэлэлцүүлэг хийх юм бол илүү асуудлыг хагалах юм болов уу гэж харж байгаа.
н.Моондо: 1992 онд Үндсэн хууль батлахад би 35 настай УИХ-ын орлогч дарга байлаа. 430 хүнийг зангидаад Үндсэн хуулийг батлуулах нэлээн хүнд асуудал байлаа. Ямар хүрээнд асуудлыг судлах юм бэ гэдгийг тодорхой болгохгүй бол асуудлыг шийдэхэд нэлээд хүндрэл учирна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм уу, өөрчлөлт юм уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
Үндсэн хуулийн асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль болж чадсан уу, УИХ-ын сонгууль болоход хүндрэл учирсан уу гэдгээс эхэлнэ, энийг ялгаж салгахгүйгээр шууд орж болохгүй. Б.Чимэд багшийн “Гол хуулиа тонгочуулаад байх юм бол төр тогтвортой байна гэж бодохын хэрэг байхгүй” гэж үг бий.
Хоёрт, Засгийн газар Үндсэн хуулийн асуудлыг өндөр төвшинд ярихад хэр зохимжтой юм бол. Засгийн газарт олгогдсон эрх нь Үндсэн хуулиар хууль санаачлах боловч, хуулийг хэргжүүлэх байгууллага. Үүнийг бодолцох хэрэгтэй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайдын захирамж гаргасан учраас захиалагч нь Засгийн газар гэж битгий ойлгоорой. Засгийн газар та бүхний гаргах гэж байгаа бодлогод оролцохгүй, Үндсэн хуулийн ямар зүйл заалт дээр явах юм бэ гэдгийг та бүхэн өөрсдөө гаргана. Нэг зүйл дээр тогтоод түүнийгээ судал. Ажлаа хийх боломжоор л Засгийн газар хангана. Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэж яриад явахгүй. Хүссэн ч хүсээгүй ч өөрчлөлтийн асуудал яригдана.
Ажлын хэсэгт Удирдлагын академийн Эрх зүйн танхимын эрхлэгч, доктор Ч.Энхбаатар /ахлагч/, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор А.Эрдэнэцогт, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгч н.Моондо, тус холбооны гүйцэтгэх захирал н.Мандах, Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Н.Лувсанжав, “Эв монгол” ТББ-ын тэргүүн О.Алтангэрэл, түүхч Д.Өлзийбаатар, “Ёс” өмгөөллийн нөхөрлөлийн гишүүн Д.Миеэгомбо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч Ц.Даваадулам, иргэн Б.Лхамжав, судлаач М.Батчимэг нар багтаж байна.