Г.Манлайжав: Бид Монголд цөмийн хаягдал оруулахгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Г.Манлайжав: Бид Монголд цөмийн хаягдал оруулахгүй

Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжавыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-”Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Америк, Япон зэрэг улс цөмийн хаягдал хаях гэж байна” гэсэн мэдээлэл дахин цацагдах боллоо. Энэ талаар танайх ямар мэдээлэлтэй байна вэ?

-Цөмийн хаягдлын талаар Америк, Япон, Монголын хооронд гурвалсан гэрээ байгуулах гэж байна гэх мэдээллийн талаар бидэнд одоогоор мэдэх зүйл алга байна. Цөмийн энергийн газар бол цөмийн энергийн талаар бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хяналт тавь­даг Засгийн газрын дэргэдэх төрийн за­хиргааны байгууллага юм. Аливаа гэрээ хэлцэл байгуулах гэж байгаа бол дэс дарааллын дагуу явагдах ёстой. Жишээ нь, цөмийн хаягдалтай холбоотой асуудал яригдах гэж байгаа бол тусгай ажлын хэсэг хэлэлцэж, яамдаас санал авч Засгийн газраар оруулсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, дараа нь УИХ-аар шийдэх учиртай. Цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг хуулиар хориглосон байгаа. Дээр хэлсэн үйл ажиллагаа явагдаагүй болохоор бидний зүгээс мэдэх зүйл алга. Янз бүрийн түвшний хүмүүс албан бусаар ярилцсан байхыг үгүйсгэхгүй. Харин цөмийн түлштэй холбоотой асуудлыг Цөмийн энергийн тухай хууль болон Төрөөс баримтлах бодлогын хүрээнд тусгасан зүйлс бий. Өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи нэвтрүүлэх зүйлс орсон.

-Уранаа эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар ярьж байгаа вэ?

-Хуулийн дагуу ураныг шороогоор нь гаргахгүй. Харин бүтээгдэхүүн болгож гаргах ёстой. Эхний ээлжинд шар нунтаг болгож боловсруулан дэлхийн зах зээлд гаргана гэсэн бодлоготой. Үүнээс цааш түлш хийх үйл явцад шаардлагатай техник, технологи харамсалтай нь манайд байхгүй. Түлш хийх нь нэлээд хөрөнгө мөнгө, технологи шаарддаг. Гэтэл ийм том үйлдвэр барих эдийн засгийн үр ашиг харагдахгүй байна. Францын “Арева” компани түлш боловсруулах үйлдвэрээ эрчим хүчээр хангахын тулд хажууд нь цөмийн дөрвөн цахилгаан станц ажиллуулж байх жишээтэй. Манай улс өөртөө таарсан үйлдвэр байгуулж, шар нунтгаа гарган хөрш орон, хамтарч ажилладаг компаниудтайгаа баяжуулах талаар ярилцана гэж үзэж байна. Хамгийн гол нь өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах талаар ярьж буй болохоос биш шороогоор нь гаргавал манайд ашиггүй.

-Японы хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээллээр бол манай улс цөмийн түлш нийлүүлж, ашигласан түлшнийх нь хаягдлыг эргүүлж татна гэж байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Манай улсаас гаргасан шар нунтгийг бусад улс боловсруулаад түүгээр цөмийн түлш хийсэн тохиолдолд бид үүнийг нь хэрхэн угсарч, аль улс руу гаргах вэ гэдгийг бодох ёстой юм. Төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бол 51 хувь, компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр хайгуул хийж нээсэн бол 34 хувийг төр эзэмшинэ гэж хуульд заасан байдаг. Ер нь уран, цөмийн түлштэй холбоотой асуудал Олон улсын атомын энергийн агентлаг бо­лон холбогдох бусад байгууллагын хянал­тад байдаг. Түүнээс бус цөмийн түлш авъя гэсэн болгонд өгөөд байдаггүй. Таны хэлсэнчлэн түлшний хаягдлыг авч хадгална гэх мэдээлэл бичигдсэн. Хүмүүс хаягдал гэж үнс нурам, хог шиг зүйл гэж бодоод байх шиг байна.

-Тэгвэл хаягдал гэж чухам юуг хэлж байгаа юм бэ?

-Цөмийн түлш гэдэг тусгай багцийн тухай асуудал. Цөмийн урвалын дүнд дулаан гаргаж байгаа болохоос биш үнс болчихгүй. Тэгээд тодорхой хугацааны дараа цэнэглэх шаардлагатай болдог. Үүний дараа хэрэглэх шаардлагагүй болбол хөргөж байгаад хадгалахыг хаягдал гэж байгаа юм. Технологийн хувьд хаягдлыг буцаагаад ашиглаж болох талтай. Бас олон улсын нэг шинэ зарчим сүүлийн үед яригдах болсон. Энэ нь цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа улс үүсгүүрээ ашиглачихаад анх гэрээ хийж, нийлүүлсэн газар руугаа буцааж явуулна гэсэн олон улсын байгууллагын шаардлага юм. Жишээ нь, бид Хятадаас цацрагийн үүсгүүр авлаа гэхэд ашиглаж дуусаад тус улсад буцааж өгнө. Мэдээж үүний цаана хамгаалалт, тээвэрлэлт гээд мөнгө төлөх шаардлагатай. Мөн нөгөө тал нь буцааж авна гэсэн гэрээтэй байх ёстой. Буцааж авчихаад реактор дээр шараад дахин зарж болох учир тэдэнд ч бас ашигтай. Хэрвээ ийм гэрээгүй бол хүчин чадал, идэвхи нь багасаж, суларсан үүсгүүрийг яах вэ гэдэг асуудал тулгарна. Тиймээс хөрөнгө зарж, тусгай байгууламжид хадгалуулж таарна. Энэ мэт зарчмын үйл явц олон улсын практикт нэвтэрч байгаа юм. Ийм зүйл байгаа учир цөмийн хаягдлыг Монгол Улсад булах гэж байна гэсэн мэдээлэл гараад байх шиг байна. Аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэн, экспортлох тухай хуульд “Цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт гаднаас оруулж ирэхгүй, тээвэрлэн дамжуулахыг хориглоно” гэсэн байгаа. Цөмийн энергийн тухай хуулиар бол манайд үүсэж буй хаягдлыг хаягдал гэж үзэн түүнтэй холбоотой асуудлыг зохицуулна. Харин гаднаас орж ирэх хаягдал гэдэг ойлголт эрх зүйн хувьд ч байхгүй, хориотой. Тиймээс бид цөмийн хаягдал оруулахгүй л гэсэн үг.

-Америк, Япон улс цөмийн хаягдал хадгалбал агуулах сав барьж өгье гэх мэдээлэл гарсан байсан. Манай улсын хувьд хэрэв ийм санал албан ёсоор тавьбал ямар ч эрх зүйн орчин байхгүй гэж ойлгож болох нь. Тийм үү?

-Эрх зүй орчин нь хаалттай учир хэн ч тийм зүйл ярих эрхгүй. Хэрэв үнэхээр ингэж ярих гэж байгаа бол техник, эдийн засгийн үндэслэлээ гаргаад яривал өөр асуудал.

-Өмнө нь ийм мэдээлэл гарч хэвлэлүүдээр шуугиан тарьж байсан. Харин Цөмийн энергийн газар болон холбогдох байгууллагаас Япон улсын “Майничи” сонинд албан бичиг хүргүүлсэн. Үүний хариу ирсэн үү. Энэ удаа албан бичиг явуулах уу?

-Бид албан ёсны мэдэгдлээ албан ёсоор өгч байсан. Хэрэв дахиад ийм асуудал гаргавал дахин мэдэгдэл өгөх ёстой болох байх.

-“Цөмийн түлш нийлүүлсэн газар руугаа хаягдлыг буцаах хэрэгтэй гэсэн олон улсын байгууллагын шахалт байдаг” гэлээ. Тэгвэл манай улс цөмийн түлшээ гаргалаа гэхэд хаягдал агуулах сав барих шаардлагатай болно гэсэн үг үү?

-“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг эхлээд түлшээ үйлдвэрлэх асуудлыг ярих хэрэгтэй. Энэ талаар ярьж эхэлсний дараа л агуулах савын тухай ярина. Түүнээс биш цөмийн түлш үйлдвэрлэчихсэн зүйл байхгүй шүү дээ.

-Цөмийн түлш үйлдвэрлэх талаарх яриа ямар шатанд явж байна вэ?

-Одоогийн байдлаар судалгааны түвшинд л явж байгаа. Цөмийн эрчим хүчний станц барихтай холбоотойгоор урьдчилсан судал­гааны ажлыг хоёр дахь жилдээ хийж байна. Энэ ажлын хүрээнд энэ жил цөмийн түлшний асуудал судалгаанд орсон.

-Манай улс ураны салбарт хэчнээн улстай хамтарч ажилладаг вэ?

-Бид долоон улстай санамж бичиг байгуулсан. ОХУ-тай Засгийн газрын түвшинд “РосАтом” компани, Францын “Арева” компани, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлаг, Энэтхэгийн Цөмийн эрчим хүчний газар, Хятадын Үндэсний цөмийн корпораци, АНУ-ын Эрчим хүчний яам,  БНСУ-ын Боловсрол, шинжлэх ухаан яамтай хамтран ажиллаж байна. Цөмийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниуд Монголыг сонирхож байна. Уран, үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор дээрх улсуудын компанийнх нь эрх ашиг бий учир сонирхож байгаа юм.

-Цөмийн эрчим хүчний станц байгуулах талаар судалгааны ажлыг хийж байгаа. Энэ станцыг нутаг дэвсгэрийн хаана нь баривал илүү оновчтой юм бол?

-Хэд, хэдэн хувилбар бий. Гэхдээ чухам ямар хүчин чадалтай станц барьж, хэн хэрэглэх вэ гэдгээс хамаарна. Говийн бүсэд уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд эхэлбэл тэнд эрчим хүчний хэрэгцээ зайлшгүй гарна. Хэрэглээнээс гадна дэд бүтэц хэрэгтэй. Цаашлаад ямар төрлийн реактор барих вэ гэдгээс хамаараад хөргөлт нь ямар байх ёстой юм, газар хөдлөлт, байгалийн гамшигаас хэрхэн хамгаалагдах вэ гэх зэрэг олон асуудал тулгарна. Үүнтэй холбогдуулан цөмийн эрчим хүчний станц барих олон улсын шаардлага гэж бий. Энэ бүгдийг уялдуулж, тооцоолох ёстой юм. Урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн нутаг Балхийн хөндийд цөмийн эрчим хүчний станц барьж болох талаар тооцоолж үзсэн. Станц барихад наад зах нь дэд бүтэц, тээвэрлэлт маш чухал. Манайх усан тээвэр байхгүй учир төмөр замаар тээвэрлэхээс өөр аргагүй. Ийм олон асуудал байгаа хэдий ч 2021 онд цөмийн эрчим хүчний станцтай болох зорилт тавин ажиллаж байна.

-Станцын хэмжээний хувьд ямар байвал зүгээр байдаг юм бэ?

-Бага оврын станцуудын судалгааг хийж байгаа. Ийм судалгаа дэлхийн улс орнуудад ч нэлээд идэвхтэй явагдаж байна. Бага оврын станц нь 20, 25, 30 жилээр цэнэглэдэг, Чернобылийнх шиг аюул болохгүй гэсэн найдвартай станцууд олон бий. Тиймээс манай улсад ийм станц барих бололцоо байгаа.

-Атомын цахилгаан станц барилаа гэж бодоход боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх вэ. Энэ талаар ажиллаж байна уу?

-Технологи гарч болно, бас хөрөнгө мөнгийг хаанаас ч босгож болдог. Харин боловсон хүчин бэлтгэх нь маш чухал юм. Тиймээс бид хамтарч ажилладаг улс орнуудтайгаа боловсон хүчин бэлтгэх талаар нэг номерт ярилцаж байна. Бакалавр, магистрын түвшинд оюутнуудаа сургаж, хоёр улсын судалгаа шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэж байгаа.

-Цөмийн эрчим хүчний дунд зэргийн станц барихад хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болох вэ?

-Мэдээж эхний ээлжинд олон улсын тендер шалгаруулна. Шалгарсан байгууллага нь зөвхөн станц барих бус дэд бүтэц, боловсон хүчин бэлтгэх, техникийн ажлаа хүлээлгэн өгөх, тусгай зөвшөөрөл, үнэлгээнүүд зэрэг бүх асуудал багтдаг. Бусад эрчим хүчний эх үүсвэрүүдээс цөмийн эрчим хүчний станц илүү хямд тусаад байгаа юм. Тиймээс дэлхий даяар цөмийн эрчим хүчний станц барихаар ажиллаж байна. Энэ станцын хөрөнгө оруулалт нэг удаа хийгддэг. Нэг гегаваттын хүчин чадалтай станц барихад ойролцоогоор 1.7-2  тэрбум ам.доллар хэрэгтэй. Гэхдээ ямар төрөл байхаас хамаарна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Эх сурвалж: Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж