Берлинд халдлага үйлдсэн этгээд Италид буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Берлинд халдлага үйлдсэн этгээд Италид буудуулжээ

Сэжигтэн Анис Амрийг өнгөрсөн Даваа гаригаас /2016.12.19/ Герман төдийгүй Европ даяар эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Берлинд худалдааны төв рүү ачааны машинтай дайран орж, 12 хүний амь хөнөөсөн хэргийн сэжигтнийг Италийн Милан хотод буудаж, хөнөөсөн талаар Италийн аюулгүйн албаныхан мэдэгдсэн байна. Тэрээр Миланы Сесто-сан-Жованни дүүрэгт орон нутгийн цагаар 03.00 цагийн үед алагдсан байна. Милан хотын галт тэрэгний буудлын орчимд шөнийн эргүүл хийж явсан цагдаа түүнийг зогсоож, бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд тэр цүнхнээсээ гар буу гаргаж иржээ. Улмаар цагдаагийн ажилтан сэжигтнийг буудаж, хөнөөсөн талаар Италийн “Репубблика” сонины цахим хуудсанд мэдээлсэн байна. Цагдаагийнхны өөдөөс тэр “Аллах Акбар” хэмээн орилж байсан гэнэ. Амригийн халааснаас Францаас ирсэн галт тэрэгний тасалбар олджээ.

Хэргийн талаар Италийн ерөнхий сайд мэдээлэл хийхээр болсон байна.

Тунисын иргэн, 24 настай Анис Амри гэгчийг уг хэрэгт сэжиглэж байсан бөгөөд ослын газарт үлдсэн ачааны машины кабин дотроос түүний хурууны хээ олдсон талаар Германы цагдаагийн газар мэдээлж байсан юм. Түүнийг эрэн сурвалжлах ажил Европ даяар өрнөж, гэмт этгээдийг олж илрүүлэхээс өмнө Данийн цагдаагийн байгууллагаас тус улсын Ольборг хотын орчимд гэмт этгээдтэй төстэй хүн үзэгдсэн талаарх мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, 20-30 насны, хар сахалтай, хар малгайтай цамц, хар шилтэй, хар үүргэвч үүрсэн этгээдийн талаарх мэдээлэл дамжуулжээ.

Ольборг нь Германы нийслэлээс 720 орчим км зайтай юм. Гэмт этгээд өнгөрсөн даваа гаригт болсон халдлагын дараа Германаас зугтаж, Дани, Францаар дамжиж Италид очсон байх магадлалтай ажээ.

Германд болсон халдлагын дараа Милан хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудыг хамгаалалтад авчээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж