Агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар асуулга тавьжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан өчигдөр /2016.12.23/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулга тавьжээ.

Энэхүү асуулгад “Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаас 2-7 дахин их болсон. Агаарын бохирдлын уршгаар иргэдийн дундаж наслалт багасах, уушигны хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх шалтгаан болж байгаа төдийгүй жирэмсэн эхэд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлсээр байна.

2015 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод нийт 376419 айл өрх байгаагаас 210 мянга гаруй нь гэр хороололд зуух ашиглан дулаанаа хангаж байна. Агаарыг бохирдуулж буй хүчин зүйл нь гэр хорооллоор хязгаарлагдахгүй дулааны цахилгаан станцууд мөн автомашнаас ялгарах утаа зэрэг нөлөөлөх болсон.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж ажиллана. Хугацаа шаардлагатай гэж иргэдийг аргацааж байна.

Иймд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгөхийг хүсье” гэжээ.

Мөн асуулгад холбогдох мэдээллийг ирэх оны нэгдүгээр сарын 4-ний дотор бичгээр мэдэгдэхийг хүсчээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж