Ослын мэдээллийг нуусанд хятадууд дургүйцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Ослын мэдээллийг нуусанд хятадууд дургүйцэж байна

Хятадын Жөжиэн мужийн зүүн хэсэг Веньжөүгийн ойролцоо өнгөрсөн бямба гаригийн шөнө зогсч байсан галт тэрэгний араас хурдны галт тэрэг мөргөж, 38 хүн газар дээрээ нас барж, 200 орчим хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан. Эхний галт тэрэг цахилгаан тасарсаны улмаас зогсолт хийхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд энэ үед ямар ч мэдээлэлгүй байсан өөр нэг хурдны галт тэрэг зогсч байсан галт тэргийг мөргөсний үүний улмаас осол гарч, зургаан вагон замаасаа гарсны дотор дөрөв нь гүүрнээс доош унасан юм.

Осол гарсан зам дээр одоо төмөр замын үйлчилгээг хэвийн явуулж эхэлсэн ч, өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон уг ослын талаар хийсэн Засгийн газрын мэдэгдэл ард иргэдийг бухимдуулж, Хятадын засгийн газар иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Хятадын сэтгүүлдийн баг ослын газарт нэвтэрч, газар дээрх нөхцөл байдлыг бүрэн сурвалжилсан ч, төрийн мэдлийн сонинуудын ням гаригийн эхний нүүрэнд уг ослын талаар нэг ч дурьдаагүй байжээ. Twitter-тэй ижил үйлчилгээ явуулдаг Хятадын “Sina Weibo” сүлжээний нэгэн хэрэглэгч хамгийн түрүүнд ослын талаарх мэдээллийг задалж, олон нийтийн сүлжээгээр тараасны дараа энэ асуудал сая сая Хятад иргэдийн анхаарлын төвд орсон байна.

Энэ мэдээлэл гарах үед осол гарснаас хойш бүтэн 24 цагийн дараа Хятадын Төмөр замын яамны сайд хэвлэлийн бага хурал хийж, осолдсон галт тэрэгний бүхээгт гацсан зорчигчдын талаар болон бульдозерууд ослын үеэр гүүрнээс унаж газарт шигдэн, юу ч үгүй болтлоо хэмхэрсэн вагонуудын сэг зэмийг хэрхэн гаргаж авсан талаар бүрэн хэмжээний мэдээлэл өгчээ.

Олон цагийн турш осол болсон талаар нуун дарагдуулж байсныг мэдсэн иргэд Хятад даяар бухимдлаа илэрхийлж, олон нийтийн сүлжээнүүдэд мянга мянгаараа сэтгэгдэл бичсээр байна. Ослын газар дээр байсан нэгэн эх сурвалж хэмхэрч сүйдсэн галт тэрэгний дотор нялх хүүхэд бүтэн 20 цагийн турш амьд байсаар байхад Хятадын удирдлагууд нэг ч амьд хүн галт тэрэгнүүдэд үлдээгүй хэмээн мэдэгдэж байсан талаар хүртэл мэдэгджээ.

Харин удирдлагууд ослын хариуцлагыг тэнгэрт цахисан цахилгаанд тохож, дэвшилтэт, шилдэг хэмээх технологидоо огт бурууг өгөхгүйг хичээж мөн Хятадын нэг ч удирдлага буруугүй мэт олонд сэтгэгдэл төрүүлэхийг оролдож байгаа нь ард иргэдийг бүр ч ихээр бухимдуулж байна.

“Sina Weibo” олон нийтийн сүлжээнд бичсэн нэгэн сэтгэгдэлд “Энэ улсын толгой хүнд сурталд нэвт идэгдсэн, хамгийн хүйтэн цуст амьтдаар дүүрчээ” хэмээн бичсэнээс харахад ард иргэдийн уур бухимдал савсаж байгаа нь илт байна.

Түүнчлэн “Sina Weibo” сүлжээнд иргэд ослын хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой юу? гэсэн санал асуулгыг явуулахад нийт санал асуулгад оролцсон 30,000 иргэдийн 90-ээс дээш хувь нь тийм гэсэн хариулт өгч, Засгийн газар иргэдээ хүн гэж үзэхгүй байна гэсэн санааг маш олон хүмүүс бичжээ.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын нэг болсон Хятад улс саяхан 8,300 км урттай дэлхийн хамгийн урт хурдны замын сүлжээг байгуулаад удаагүй байгаа. Түүнчлэн ирэх таван жилийн хугацаанд Засгийн газрын зүгээс 400 тэрбум ам.долларыг хурдны галт тэрэгний төсөвт тусгана гэж төлөвлөөд байгаа.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж